Газар чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж хослуулсан амралтын талбай байгуулна
2022.04.14

Газар чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж хослуулсан амралтын талбай байгуулна

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан. Тус чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай санаачлан зураг төслийг хийлгэж дуусаад байна.

Газар чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Тодруулбал, 62 дугаар сургуулийн хойд болон зүүн талд амралтын талбай, ногоон байгууламж хийх тохижилтын ажлын зураг төсөл бэлэн боллоо. Энэхүү тохижилтын ажил нь 62 дугаар сургуулийн эргэн тойронд байрлах орон сууцны оршин суугчдын дунд амрах, салхилах, тоглох зэрэг хэрэгцээнд ашиглагдана. Мөн ногоон байгууламжийн хүртээмж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн. Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 мкв талбайг цэцэрлэгжүүлэх юм.