МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ
2022.04.21

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр /2022.04.21/ Дархан-Уул аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ҮЭ-ийн холбооны дарга Х.Батжаргал нар аймгийнхаа нийт хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудал, энэ хүрээнд зохион байгуулсан тайван жагсаал, ТҮ-ний салбарын ажилтнуудын санал шаардлага, төр захиргааны албан хаагчдын цалин хөлсний талаар үүсч буй нөхцөл байдал, авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа тухай танилцууллаа.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч зүүн болон хойд бүсийн аймгуудаар ажиллаж, орон нутгийн бодит нөхцөл байдалтай танилцсан тухай хэлж, төрийн үйлчилгээний болон төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс маш бага байгаа нь төр хүний нөөцийн дутагдалд орж байгааг сануулж, Дархан-Уул Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Аймгийн ҮЭ-ийн холбоотойгоо нягт хамтран, нийгмийн түншлэлийн хүрээнд манлайлал үзүүлэн ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Мөн тэрээр Төрийн үйлчилгээний болон нийт ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч цаашид тууштай арга хэмжээ авч ажиллана гэдгээ онцлон хэлж байсан юм.

Дархан-Уул Аймгийн Засаг Дарга С.Азжаргалаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо, төрийн үйлчилгээний ажилтнууд орсон ба тэд дээрх асуудлаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нартай уулзаж аймгийнхаа иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүд, төрийн үйлчилгээний ажилтнуудын нэгдмэл хүсэл сонирхлыг илэрхийлж холбогдох тооцоо судалгаа, нэгдсэн санал дүгнэлтийг салбарын сайдад өгсөн байна.