Ж.Батбаясгалан: Усгүйгээр эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн талаар ярих боломжгүй
“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь нийслэлийн усны тулгамдсан асуудлын талаар олон талын оролцоог ханган санал солилцох, цаашид баримтлах нэгдсэн бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулах юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайт Майкл С. Клечески болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын Ерөнхий менежер, ажил хариуцсан бусад албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд энэхүү хэлэлцүүлэгт оролцож, олон талын байр сууриа хэлэлцүүлэв. Мөн Улаанбаатар хотын усны тулгамсан асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойллоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “...Монголд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй хүрээлэн буй орчны аюулгүй байдал тэр дундаа Та бидний амьдралын эх үүсвэр болсон ЦЭВЭР УС-ны эх үүсвэр түүний аюулгүй байдал, нөөцийн хадгалалт, хамгаалалтын асуудал бол шийдэх чухал асуудал мөн. Усгүйгээр бид эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн тухай ярих боломжгүй. Ус бол Та бидний үр хойчдоо үлдээх үнэт өв юм...” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлгээр мөн Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, нийслэлийн усны чанар, аюулгүй байдал, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын асуудал, үерийн эрсдэл, нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн танилцуулга, Туул голын урсгалд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл...зэрэг олон сэдвээр албаны хүмүүс танилцуулж, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.