Усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны үүрэг биш. Ургамал, ус, хөрс, бичил уур амьсгал судлал, хөрс хамгаалал зэрэг олон салбар, төр засаг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхтэй оролцоотой ажил гэдгийг тодотгов. Мөн ойн нөөцийг хамгаалах, ойжуулахын тулд нэн түрүүнд усжуулалт, усан хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг Төрийн ордонд хоёр өдөр зохион байгуулсан. Тэр хурал дээр “Мод, ус хоёр ихэр юм” гэж хэлсэн байдаг. БОАЖЯ-наас “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 18 аймагт очиж ажиллаад байна. Орон нутгаар явж байхад энэ үг л санаанд орж байлаа. Өнөөдөр бүх аймгууд мод тарих ажлыг эхлүүлж, идэвхжүүлэлт нь өрнөж байна. Мод тарихын тулд ус хэрэгтэй. Тэгэхээр усны мэргэжилтэн, судлаач, доктор та бүхэн маань БОАЖЯ-нд ус мэт хэрэгтэй байгаа шүү гэдгийг онцлон хэлье. Монгол оронд байгаа усаа ширгээх биш сэргээх ажлыг бид үндэсний хэмжээнд хөдөлгөөн болгон өрнүүлж цаашид маш идэвхтэй авч явах ёстой. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төсөл бий" хэмээв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Хөх морь” төслийг идэвхжүүлж, гадны төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагуудтай хамтрах ажлыг эрчимжүүллээ. Орхон-Онги голд эхний ээлжид 6.8 тэрбум төгрөгийн хэмжээний ажлыг шийдвэрлэхээр тодорхой олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлээд Санамж бичгийн түвшинд хүрээд байгаа билээ.
Цаашдаа энэ чиглэлийн боловсон хүчний асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх, мэргэжилтнээ сайжруулах, чадавхжуулах ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Түүнчлэн голын эх ундаргыг хамгаалах нь чухал болсон. Голын эх ундарга дээр бий болсон нүхэн жорлон, аялал жуулчлалын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны кэмп нэртэй буудлуудаас эхлээд хариуцлагагүй уул уурхайн асуудал гээд олон зүйлийг цэгцлэх, хариуцлагатай байдал руу шилжүүлэх ажлыг БОАЖЯ хийх ёстой. Энэ бүх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Усны үндэсний төвийн дэд захирал, зөвлөх инженер Ш.Ганзориг “Монгол орны усны эрэлт хэрэгцээний хэтийн төлөв, өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангах шийдэл, арга зам”, “Монхидроконстракшен” ХХК-ийн захирал доктор Ц.Батдорж “Гадаргын усыг хуримтлуулж, сав газар хооронд шилжүүлэн ашиглах боломж /гадаад улсын туршлага, манай улсын боломж/”, доктор, профессор Д.Басандорж “Усны засаглал бэхжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.