Байгаль орчны асуудлуудаар Олон улсын Байгаль хамгаалах сантай санал солилцлоо
БОАЖ-ын сайд болон төлөөллүүд Дархан цаазат газрыг хамгаалах болон аялал жуулчлалтай холбох үндэсний жишиг бий болгох асуудлаар Олон улсын Байгаль хамгаалах /ICCF/ сантай санал солилцлоо. Цахим уулзалтад БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Баянмөнх, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нарын албаны төлөөлөл оролцов.
Монгол Улсаас АНУ-д суух элчин сайд Ө.Батбаяр болон ОУ-ын байгаль хамгаалах /ICCF/ сангийн Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Тодд Конингс нартай цахимаар уулзлаа.
Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгаль хамгаалах /ICCF/ сан нь Монгол Улсад дархан цаазат газрыг хамгаалах жишиг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа тус сангийн Азийг хариуцсан захирал Тодд Конингс уулзалтын эхэнд хэллээ.
Монгол Улсаас АНУ-д суух элчин сайд Ө.Батбаяр байгаль хамгаалах тэр дундаа дархан цаазат газрыг хамгаалах жишиг бий болгох чиглэлээр санаачилга гарган хэд хэдэн удаагийн уулзалтыг тус сантай өмнө хийж, өнөөдөр ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай цахимаар уулзалт зохион байгуулж байна.
Энэхүү уулзалтаар талууд байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эхний ажил хэрэгч уулзалтыг энэ сарын 14,15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөөд, энэ үеэрээ Монгол Улсын дархан цаазат газруудтай тус сангийн /ICCF/ төлөөллүүд биечлэн танилцаж, дээрх жишиг хамгааллыг хэрэгжүүлэх Дархан цаазат газрыг сонгохоор ярилцав. Дархан цаазат газрыг хамгаалах жишиг хэрэгжих газрыг тодорхой болгосны дараа шат дараатай ажлуудыг төлөвлөхөөр боллоо.
Олон Улсын байгаль хамгаалах /ICCF/ сан нь байгаль орчны хамгааллын чиглэлээр тэр дундаа дархан цаазат газрыг хамгаалах чиглэлээр АНУ-д төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг арвин туршлага байгууллага юм байна.
Хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад дархан цаазат газрыг хамгаалах үндэсний жишиг бий болохоос гадна газар нутгийн оновчтой зохион байгуулалтыг хийж, аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна гэж БОАЖ-ын сайдын зүгээс илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд хоёр талын эхний ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр байгуулагдаж, ажлаа эхлүүлэхээр болов.