БОАЖ-ын яам БНСУ-ын элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа
2022.02.17

БОАЖ-ын яам БНСУ-ын элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Ли Ё Хун БОАЖ-ын сайдад өндөр ач холбогдол бүхий салбарын сайдаар томилогдсонд баяр хүргээд, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн бодитой саналууд байгаагаа танилцууллаа.

Тэрээр байгаль орчны чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь өндөр ач холбогдолтойг онцлоод бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэв. Мөн “Ногоон хөгжил-Ногоон шинэчлэл” төслийн ажлыг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллаж өгөхийг хүсэв. Цаашид зөвлөлдөх уулзалтууд, үзэсгэлэн, хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.

Түүнчлэн аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-аас Монгол орныг зорин ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө буюу 2019 онд 100 мянгад хүрсэн. Тиймээс цаашид тус улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн дүүрэн боломж бий гээд Солонгос улсын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв. Мөн хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, соёлын ойлголтыг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад Монгол Улсын тухай мэдээ, мэдээлэл гадны улсад ялангуяа Солонгос улсын иргэдийн дунд маш бага байдаг гэж хэлсэн юм. Үүнээс гадна Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн визний мэдүүлэг бүрдүүлэлтийн шат дамжлагыг цөөлж, цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Цаашид Монгол Улсын иргэдийг Солонгос улс руу зорчих визтэй холбоотой асуудалд Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа хүчин чармайлт гаргаж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд БОАЖЯ-ны зүгээс хамтын ажиллагаагаа бодитоор хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг энэ сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ мэдээлэлд манай улс цар тахлын шар түвшинд шилжин аялал жуулчлалын хаалгаа нээсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Тиймээс аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдол өгч БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг чиг үүргийн байгууллагууд хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуучлал” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан аж ахуй нэгж байгууллагуудын санал, санаачлагыг нэгтгэн Засгийн газарт танилцуулаад байна” хэмээгээд БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран энэ сарын 21-нд гадаад улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдууд болон аялал жуулчлалын салбарынхантай уулзах уулзалтад урилаа.