Элчин сайд Филипп Малонтой БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалт хийлээ
2022.02.19

Элчин сайд Филипп Малонтой БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалт хийлээ

Уулзалтын эхэнд Элчин сайд Филипп Малон 2021 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 12-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын  26 дугаар Бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хамтарч ажиллах асуудлаар тодорхой амлалт өгсөнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ оны 11-р сард Египет улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дараагийн Бага хурал хүртэл тухайн үүрэг амлалтуудыг биелүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тодруулбал, Элчин сайд Филипп Малон хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаандаа бууруулж, тодорхой хэмжээнд барих, тээврийн хэрэгсэлд байгаль орчинд ээлтэй цахилгаан машиныг түлхүү нэвтрүүлэх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, эрчим хүчний эх үүсвэрийг эргэж нөхөгддөг буюу ногоон болгох чиглэлд хэрэгжүүлж байгаа ажлыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Монголчуудын ногоон санаачилга бүрийг бид дэмжих болно” гэж тодотгосон юм.

БОАЖ-ын сайдын зүгээс хоёр орны хамтын ажиллагаа биологийн олон янз байдал тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалах, зохистой менежментийг хөхүүлэн дэмжих, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү чиглэгдэж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын талуудын 26 дугаар Бага хурлаас гарсан санал санаачилгын хүрээнд хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлээд ялангуяа сэргээгдэх эрчим хүчний тал дээр төр хувийн хэвшлийн оролцоо, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаагаа дурдав. Түүнчлэн ховор амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр манай яамнаас гадна хууль хүчний байгууллагуудыг чадавхжуулах ажлуудыг дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд цаашид ч олон арга хэмжээ зохион байгуулж хамгааллын асуудлуудыг олон нийтэд хүргэж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.  

Энэ сарын 14-нд Засгийн газрын хуралдаанаас Монгол Улс жуулчид, хөрөнгө оруулагчдад хилээ бүрэн нээж байгаагаа зарласан. Үүнтэй холбоотойгоор тус өдөр БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нарыг оролцуулсан 250 гаруй оролцогчидтой зөвлөгөөн хийсэн. Монгол Улсын Засгийн газар хилээ албан ёсоор нээсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг  идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хоёр улсын хооронд нислэгийн давтамж, суудлын тоог нэмэгдүүлэх, харилцан сурталчилгаа хийх, өдөрлөгүүд зохион байгуулах, мэдээллийн төвүүдийг байгуулах, танай томоохон хотуудад Монголын соёлын өдрүүдийг байгуулах ажлуудыг хамтран зохион байгуулахад таны дэмжлэг ихээхэн чухал байгааг онцоллоо.

 “Мөн энэ сарын 21-ний өдөр ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам хамтран зохион байгуулах гадаад орноос Монгол Улсад суугаа Элчин сайдуудын дипломат уулзалтад хүрэлцэн ирэхийг урилаа. Түүнчлэн “Байгаль орчны сэтгүүлч бэлтгэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа тухай мэдээлэл авсан. Энэ чиглэлд сэтгүүлч, олон нийтэд танигдсан төлөөллүүдийг ашиглан мэдээ, салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг таниулах нь бидний хийж буй үйл ажиллагааг сурталчлах, таниулах, олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Мөн энэ жил БОАЖ-ын яам хоёр дахь удаагаа “Төв болон Зүүн хойд Азийн зэрлэг амьтны долоо хоног” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаа Засгийн газрын экспертүүд рүү чиглэсэн илүү бодлогын талдаа зохион байгуулна. Уламжлал ёсоор та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсч байна” хэмээлээ.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Малон “Таны дурдсан бүх чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Британийн хэд хэдэн төсөл бий. Хог хаягдлаас эрчим хүч гарган авах төсөл, усан цахилгаан станц байгуулах судалгаа зэргийг дурдаж болно. Үүнд Британийн Экпортыг санхүүжүүлэх хороо нэлээд идэвхтэй оролцож байгаа. “Төв болон Зүүн хойд Азийн зэрлэг амьтны долоо хоног” арга хэмжээг сонсоход таатай байна. Дэмжихэд бэлэн байна. Байгаль орчны сэтгүүлчдийг бэлтгэх, сургахад чиглэсэн ажил байгаа. Энэ сэтгүүлчид зөвхөн байгаль орчин гэлтгүй аялал жуулчлалыг дэмжихэд өндөр үүрэгтэй оролцох болов уу гэж бодож байна. Аялал жуулчлалын тухайд цар тахлын өмнө Британиас жилдээ 6-7 мянган жуулчин ирдэг байсан гэдэг төсөөлөл бий. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшилсон байгаа. Тэгэхээр Монгол Улс жуулчдад нээлттэй болсон болохоор эрэлт нэлээд үүссэн байгаа байх гэж бодож байна” гэлээ.