УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл иргэдтэй уулзлаа
2022.04.23

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ХУД-ийн 9, 10, 16, 21-р хорооны иргэдтэй дүүргийн удирдлагуудын хамт уулзаж түгжрэлийг бууруулах нийслэлийн төлөвлөгөө болон энэ хүрээнд хийгээд байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх засгийн шийдвэрт иргэд баяртай байгаагаа илэрхийлжээ. Залуу гэр бүлийн хөдөлмөр эрхлэлт, замын түгжрэлд цэцэрлэг сургуулийн дутагдал сөргөөр нөлөөлж байгаа.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай. 5-р сард эхлэхэд 1-р шугамын бүтээн байгуулалтын ажил Хан-Уул дүүргийн 21-р хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2-р хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан бөгөөд 2024 оны 2-р улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөж байна гэлээ.

Туршилтын галт тэргийг зургаан сарын хугацаанд явуулаад, 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр тооцоолсон байна.

Д.Сарангэрэл гишүүн ХУД-ийн 12-р хорооны иргэдтэйгээ мөн уулзалт зохион байгуулав. Уулзалтад Биокомбинатын түүхийг өгүүлдэг 80 настнаас эхлээд үе үеийнхний төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Иргэд Туул голын эрэг, улмаар гол руу орж хайрга дайрга олборлодог "дайснуудтай" олон жил тэмцээд дийлэхгүй байгаагаа ярив. Уул уурхай, Барилга, Зам тээврийн сайд нар компаниудад тусгай орд зааж өгч Хатан Туулыг хамгаална гэх хуурамч үгэнд итгэхээ больсон иргэд арга буюу ээлжилж хяналт тавьдаг ч шөнө яваад ухчихдаг хэмээлээ. Мэргэжлийн хяналт, замын цагдаа нар компаниудтай хуйвалдаад хорьж цагдахаа ч больсон гэнэ.

"Биочуудыг тоохгүй байж болно, Улаанбаатарчууд усгүй болох цаг ирнэ " гэж өндөр настан Бямбаа, Гончиг, Цээлээжав, Ганцэцэг Мөнгөнцэцэг нарын иргэд гуниглан ярьж байна. ХУД-ийн Иргэдийн хурал Туул голын сав газрыг дүүргийн тусгай хамгаалалтад авахаас өөр зам үлдээгүй, Туул голын сав газрын захиргаа голыг нэг мөр хаясан гэж иргэд ил тод шүүмжилж хатуу байр суурь илэрхийлж байна.

Мөн 12-р хорооны 90 га газрыг хашаалж, хогны үйлдвэр барих хотын төлөвлөгөөг харсаар хогондоо баригдаж гүйцсэнийг иргэд хэлж байна.

Гэсэн хэдий ч тог цахилгаанаа шийдэж, халуун ус, иргэдийн хөгжлийн төв, шинэ цэцэрлэг, бетон гүүр, 50 хүүхдийн ортой эмнэлэг, шинэ өрхийн эмнэлэг гээд цогц бүтээн байгуулалт өрнөж, ашиглалтад орсонд биочууд баяртай байна. 12-р хороонд удахгүй шинэ сургууль ашиглалтад орно.