Олимпийн гудамжийг Дамдинсүрэнгийн гудамжтай холболоо
2009.10.15

Олимпийн гудамжийг Дамдинсүрэнгийн гудамжтай холболоо

Нийслэлийн 370 жилийн ойн хүрээнд хотын замыг шинэчлэн сайжруулах ажил шат дараатай хийгдэж байгаа билээ. Энэ ажлын нэг хэсэг болох Халдвартын эмнэлгийн уулзвараас “Континентал” зочид буудал хүртэлх 1,4 км зам буюу Ц.Дамдинсүрэнгийн гудамжийг шинэчлэн засварлах ажил өнөөдөр дуусч ашиглалтад хүлээлгэн өглөө. 2006 оны аравдугаар сараас эхэлсэн зам шинэчлэх ажлыг “Хурдны зам” компани гүйцэтгэсэн бөгөөд оршин суугч зарим иргэд газраа чөлөөлж өгөхгүй байснаас ийнхүү хожуу ашиглалтад орж байгаа юм байна.

Замынхаа дунд хэсэгт 48,8 м урт гүүртэй бөгөөд гүүрэн доогуур нүхэн гарц хийсэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг багасгахад чухал үүрэгтэй болсон хэмээн зам хүлээн авсан Нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбаатар ярьж байлаа. Нүхэн гарц хийхэд 268 сая, зам засахад 1,8 тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн аж. Тус замын гүйцэтгэгчээр ажилласан “Хотын зам” компанийн гүйцэтгэх захирал О.Энхсүхээс замын чанарын талаар лавлахад “Замаа улсын комисст хүлээлгэж өгөхдөө нэг жилийн баталгаа өгдөг юм. Хэр чанартай зам болсныг цаг хугацаа харуулах байх. Халдвартын уулзвараас гүүр хүртэл 474 метр, гүүрнээс “Континентал” зочид буудал хүртэл 938 метр замыг хийсэн.

Ц.Дамдинсүрэнгийн гудамжийг Олимпийн гудамжтай холбосон энэхүү замын гүүрний хажуу талын далангийн бэхэлгээний ажлыг хийж дуусаагүй дутуу үлдсэн байгаа” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.