УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Тогтоолын төслийг дэмжиж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд зардлаа өсгөдөг нийтлэг жишиг байна. Тийм учраас үндэслэлгүйгээр зардал өсгөдөг энэ байдлыг Аудитын байгууллага чиглэл өгч шалгадаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт орон нутагт үр өгөөж байдаггүйн гол шалтгаан тухайн орон нутгийн удирдлагуудтай холбоотой. Гадны хөрөнгө оруулалтыг шүүмжлэхээсээ илүү бид нараас давхар хамаарч байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа үед зогсоох, хаах гэсэн асуудлаа болихгүй бол дэлхий нийтийн эдийн засаг маш хүнд байгаа шүү. Бид нарт хэн ч гараа сунгахгүй.
Дээр нь энэ тогтоолтой хамааралгүй нэг юм хэлмээр байна. Дэлхий нийтээр эрчим хүчний хомсдол, үүнийг дагасан үнийн өсөлт их байна. Газрын тосны үнэ, эрчим хүчний үнэ, яаж авах тал дээр сандралдаж байгаа энэ үед бид Монголд эрчим хүч ямар байгааг Аюулгүй байдлын байнгын хороо санаачилж, эрчим хүчний хангамжийн асуудлаар сонсгол хийх хэрэгтэй гэж харж байна. Энэ мэт тулгамдсан асуудлаа шийдмээр байна.