Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Уилльям Эндрю Диксоныг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Уилльям Эндрю Диксоныг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Өрнөдийн орнуудаас Британи улс нь анхлан Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон тэр цагаас манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилтттай хөгжиж буйд сэтгэл ханамжтай байдгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд сүүлийн жилүүдэд хоёр талаас чухал ач холбогдол бүхий айлчлалууд харилцан амжилттай хэрэгжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхтэй хөгжиж байгааг онцлоод энэхүү уламжлалт харилцааг улам бэжүүлэх, шинэ шатанд гаргах үүднээс Лондон хотод Монгол, Британиийн худалдааны танхим байгуулагдсаныг сайшаав.
Монгол дахь Британийн хөрөнгө оруулалтыг манай улс нэмэгдүүлэх сонирхолтой байдгийг УИХ-ын дарга уулзалтын явцад илэрхийлэв. Тэрбээр ИБУИНВУ-ын хөрөнгө оруулалт нь манай улсын уул уурхай, банк санхүүгийн зах зээлд ихээхэн чухал болохыг дурдаад Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монгол, Британийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг энэ оны арванхоёрдугаар сард Лондон хотод зохион байгуулахаар ажиллаж байгааг мэдээлж, ЭСЯ-ны зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв. Мөн Монголын тал боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Британид сургах оюутны тоог нэмэгдүүлэх, оюутан солилцох тал дээр хамтран ажиллах сонирхолтой байдгийг тэмдэглээд энэ бүхэнд ноён Элчин сайд хүчин чармайлт гаргаж хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Өөрийн улсаа төлөөлөн Монгол Улсад Элчин сайдаар ажиллахаар болсноо нэр төрийн хэрэг гэж үзэж буйгаа ноён Элчин сайд онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв. Удахгүй болох хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь хоёр талын уламжлалт харилцааг улам өргөжүүлэх, Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой тул ЭСЯ-ны зүгээс ихээхэн анхаарал тавьж буйг тэрбээр тэмдэглэв.
Түүнчлэн Зүүн хойт Азийн аюулгүй байдал болон энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Британийн Засгийн газар өндөр үнэлдгийг ноён Элчин сайд УИХ-ын даргад дуулгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.