Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын  шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2022.07.28

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, хороодын Ажлын албатай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 250 гаруй ААН-үүдийн дунд журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг  шинэчлэн, ийнхүү аж ахуйн нэгжүүдээс санал авч байгаа юм.

Журмын төслийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа танилцуулж, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс Ulaanbaatar.mn цахим системийн “Онлайн бизнес төв” платформын Үйлчилгээ эрхлэх бүртгэлд хэрхэн хамрагдах зааварчилгаа өглөө.

Мөн нийслэлийн Засаг даргын 2022.06.20-ны өдрийн А/832 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг тогтоох тухай” захирамжаар батлагдсан тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж, журмын төсөлтэй холбоотой ААНБ-ын санал, хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн, хошууч П.Дэлгэрмаа хууль эрх зүйн зөвлөгөө өглөө.

Журмын төсөлд дүүргийн иргэд, ААНБ-уудын саналыг дүүргийн sbd.gov.mn цахим хуудас болон нээлттэй Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон хороодын пейж хуудсуудаар дамжуулан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цахимаар болон утсаар нээлттэй хүлээн авч байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ААНБ-ыг Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сэрэмжлүүллээ.