Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.Лхагважавын өргөдлийг Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд 04 тоот тогтоол гаргажээ. Уг тогтоолд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нам, эвслийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заасан 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх заалтын “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10 дахь заалтын “…Аль нэгэн нам, …гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэснийг зөрчсөн байна гэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн эл дүгнэлтийг хэлэлцлээ. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж уг дүгнэлтийн талаар танилцуулга хийв.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүн Р.Раш, Н.Энхболд, Ч.Сайханбилэг нар асуулт асууж, Х.Тэмүүжин, Р.Раш нар саналаа хэллээ. Цэцийн шийдвэр нь Үндсэн хуулийн агуулгаас өөрөөр гарсан байна. Намыг сонгуульд оролцуулаагүй нь тухайн намын гишүүдийн эрхийг боогдуулсан мэтээр авч үзэж болохгүй. Хувь хүний үндсэн эрхийг намын зохион байгуулалттай хольж хутгаж байгаа нь цаашда ихээхэн сөрөг үр дагавартай юм гэдгийг байнгын хорооны зарим гишүүн хэлж байлаа.
Ингээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө” гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.
Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Референт Ш.Содномжамц