Дундговь аймагт хог хаягдлын талбай 49 га газар эзлэдэг
Дундговь аймагт хог хаягдлын талбай 49 га газар эзлэдэг тухай онлайн ярилцлагын үеэр яригдаж байсан нь аймшигтай тоо баримт байв-
Дундговь аймагтай хамтран зохион байгуулсан өнөөдрийн онлайн ярилцлагын асуулт хариултын хэсэгт тус аймагт болон түүнтэй ижил төстэй бүс нутгуудад тулгамдаж буй байгаль орчны олон асуудлын талаар санал солилцлоо.
Р.Раш гишүүн мал өвөлжилтийн бэлтгэл ажил, отроор мал өвөлжүүлэх ажлыг зохистой хэмжээнд байлгах, түүний дотор малаа эрүүлжүүлэхийн ач холбогдлыг “цэвэр монгол хэлээр” нухацтай хөндөн ярьж байв.
Тэрбээр нутаг оронд нь тулгамдаж буй хуурайшилтын асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлдэг гадаадын байгууллагуудад хандах боломж байгааг хэлж, ер нь цөлжилт бол зөвхөн манай аймгийн төдийгүй дэлхий нийтийн асуудал болсныг хэллээ.
Үүний зэрэгцээ “говийн нэмэгдэл”-ийн талаар асуусан асуултад уг асуудал яваандаа л шийдэгдэх байх гэсэн хариуг өгч, ер нь төсөв хүнд байгаа шүү дээ гэж анхааруулж байлаа.
Дундговь аймгаас онлайн ярилцлагад оролцогчдын зүгээс сонирхсон асуултдаа бүрэн хариулт авч чадсан бөгөөд цаг үеийн тулгамдсан асуудлуудаа ч бас гишүүддээ хэлж амжсан юм.
Орон нутгийн удирдлагууд мал өвөлжилтийн хүндрэл бэрхшээл, түүний дотор бэлчээрийн даац хэтэрсэн, гандуу байсан зэргээс үүдэн малчин өрхүүдээ мал сүргийнх нь хамт өөр бусад аймгуудад өвөлжүүлэх ажлыг зохион байгуулахад дээрээс нь дэмжиж өгөхийг гишүүдээсээ хүсч байлаа.
Дундговь аймгийн ургамлын төрөл зүйл устаж үгүй болоогүй
Онлайн ярилцлагын үеэр тус аймагт тулгамдаж буй хамгийн ноцтой асуудлуудыг УИХ-ын гишүүн Х.Наранхүү хөндөж, уг асуудалд оролцогчдын анхаарлыг хандуулж чадсан билээ.
Х.Наранхүү гишүүн орон нутгийн удирдлагуудад хандан хог хаягдлын менежмент, цөлжилт хуурайшилтын асуудлаар асуулт тавьж, ямар ажил зохион байгуулж буй талаар хариулт авахыг хүссэн юм.
Орон нутгийн удирдлагууд хог хаягдлын менежментийн асуултад бүдэрсэн бөгөөд хогоо ачих, ангилах, зарим хэсгийг нь булах хэрэгтэй байгаа ба маш их бензин зарцуулагддаг талаар л ерөнхий хариултыг өгөхөөс хэтэрсэнгүй. Ирэх оны Улсын төсөвт Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ландфилийн аргаар хог хаягдлыг цэвэрлэх ажилд зориулан 500 сая төгрөг төсөвлөгдөж байгааг гишүүд хэлж байсан.
Зөвхөн Дундговь аймагт хог хаягдлын талбай 49 га газар эзлэдэг тухай онлайн ярилцлагын үеэр яригдаж байсан нь аймшигтай тоо баримт байв.
Х.Наранхүү гишүүн тэдэнд хандаж социализмын үеийн зарим сайн уламжлалт ажлаа сэргээхийг санууллаа. Тухайлбал, айл өрхийн хогноос яс, тос, цаас, төмөр зэрэг хаягдлыг ангилан хүлээж авдаг байсныг сануулж, эдгээрээс ашиг олох боломжтой шүү дээ хэмээн учирлав. Тэрбээр хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд айл өрхөөс эхлэн хогоо ангилан хүлээж авдаг системийг нэвтрүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.
Үүний зэрэгцээ цөлжилт, хуурайшилтын асуудлыг хөндөн ярилцах үеэр Х.Наранхүү гишүүн Монгол-Оросын ургамал судлаачдын экспедицийн өнгөрсөн зуны судалгааны ажлын урьдчилсан дүнтэй танилцсан талаараа мэдээлэв. Тэрбээр Дундговь аймгийн ургамлын төрөл зүйл устаж үгүй болоогүй гэсэн дүн гарсныг хэлээд, гагцхүү ус чийг л хэрэгтэй байгааг онцолж байв.
Энэ удаагийн онлайн ярилцлага уул уурхайн асуудал хөндөгдөөгүй анхны ярилцлага байв. Гэвч хог хаягдал, хуурайшилт, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд аяндаа хөндөгдөн гарч ирсэн нь анхаарал татаж байна.
Хүрээлэн буй орчноо амьдралынхаа нэгэн хэсэг гэж үзэж ирсэн монголчуудын хувьд хуучин сайн арга барил, уламжлалаа сэргээхийн зэрэгцээ дэлхий нийтэд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж амжилтад хүрч буй талаарх туршлагууд, шинжлэх ухааны шинэ нээлт, орчин үеийн дэвшилтэт хандлагуудыг агуулсан төрийн бодлого хэрэг болох нь дамжиггүй.
Байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж буй УИХ-ын гишүүн Р.Раш, Х.Наранхүү нар тойрогтоо тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдүүлэхийн төлөө ажиллаж, уг асуудлыг үүсгэж буй уг сурвалжийг зөв голдрилд нь оруулах бодлогын шинэчлэлтийг санаачлана гэдэгт найдах л үлдлээ.