УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Эрчим хүчний хомсдолд бид бэлэн үү
2022.09.09

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Эрчим хүчний хомсдолд бид бэлэн үү

Англичууд сүүлийн 6 жилийн дотор 4 дэх Ерөнхий сайд болох Liz Truss –аа угтаж аваад удаагүй байна. Төмөр хатагтай хэмээгдэх Трасс эрчим хүчний хомсдолтой нүүр тулсан, 1 жилийн дотор эрчим хүчний үнэ 80% өссөн, үүнийг дагаад иргэдийн амьжиргааны зардал “хаданд гарсан” хүнд, эгзэгтэй цаг үед Ерөнхий сайд боллоо.

Английн Засгийн газар өнгөрсөн 4 дүгээр сард “Эрчим хүчний аюулгүй байдлын стратеги” бодлогын баримт бичгээ баталсан юм. Орос-Украйны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, хэрэглээний хомсдлоос сэргийлж авах арга хэмжээгээ тодорхой болгосон гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээгээ танах, нефть, байгалийн хийн судалгааг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх,цөмийн эрчим хүч, устөрөгчийн энергийг ашиглах талаарх стратегийг нарийн төлөвлөлттэйгээр баталсан байна.Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өнөөгийн 40 хувиа улам нэмэгдүүлэхийг зорьж байна.

Ялангуяа салхины хүчээр 11 сая квт цахилгаан үйлдвэрлэдэг бол 2030 он гэхэд 50 сая квт болгож нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Салхины эрчим хүч ашиглалтаар нефтний эх орон Саудын Араб шиг болно, нарны эрчим хүчээр 14 сая квт цахилгаан гаргаж авч байгаагаа 2035 онд 5 дахин нэмэгдүүлнэ гэж зарлалаа.

Атомын цахилгаан станц нийтдээ 6 сая 500 мянган квт эрчим хүч нийлүүлж байгаа ба цахилгаан станцтай харьцуулахад 15% эзлэж байна. Үүнийгээ нэмэгдүүлж 2050 он гэхэд шинээр АЦС 8 реактор байгуулж 24 сая квт цахилгаан үйлдвэрлэнэ, 25%болгоно гэжээ.

Ер нь Английн АЦС хуучрах өвгөрөх хандлагатай болж, одоо ашиглагдаж байгаа 8 реакторыг 2028 онд үйл ажиллагааг нь зогсоох ба бага оврын өндөр технологийн SMR байгуулахыг төлөвлөж байна.

Франц Улс мөн өнгөрсөн 2 дугаар сард эрчим хүчний стратеги бодлогын баримт бичгээ зарласан ба эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг ард иргэддээ хүчтэй уриалсан байна. Сэргээгдэх эрчим хүчийг “цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх цорын ганц уурхай” гэж онцолсон байна. 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хэд дахин нэмэгдүүлнэ гэжээ. Жишээ нь 2050 он гэхэд нарны энергиэс цахилгаан үйлдвэрлэх хүчээ одоогийнхоос 10 дахин нэмэгдүүлж, 100 сая квт хүргэхийг зорьж байна. Салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах 50 газар шинээр нэмж байгуулж 40 сая квт-аар нэмэгдүүлнэ гэж стратегидээ тусгасан байна.

Мөн 2050 он гэхэд АЦС буюу шинэ технологийн EFR2-ийг 6-14 реактор байгуулж 2035 онд эхнийхийгээ ашиглалтад оруулах юм байна.

Англи,Франц улс ийнхүү сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч ашиглахаа нэмэгдүүлэх тактик барьж байна. Шинээр АЦС нэмж барихгүй гэсэн стратеги өөрчлөгдөж, царцаасан хөрөнгөө амилуулж, ард иргэдээсээ дэмжлэг авахын тулд 2022 оны сүүлийн хагаст ихээхэн өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бололтой.

Германчуудын хувьд эрчим хүчний хомсдол толгойн өвчин болж, энэ өвлийг хатуухан давна гэдэг бодит үнэнтэйгээ эвлэрээд байгаа.

Эрчим хүчний тогтворгүй байдалтай нүүр тулсан Германд 2022 оны эцэс гэхэд АЦС-гүй улс болно гэж төлөвлөөд байсан хугацаагаа хойшлуулах эсэх дээр ид маргалдаж байна. Гэхдээ байгаль орчноо гэх үү, эрчим хүчний хэрэглээгээ гэх үү гэдэг асуудалтай тулаад байна.

АЦС-гүй болох юм бол Герман Улс олон улсад өрсөлдөх чадвар, чинээлэг гүрэн байхаа алдах эрсдэлтэй тулна гэж Штутгардын Их сургуулийн 20 гаруй профессорууд мэдэгдэл гаргасан байна.

АЦС хэрэггүй гэсэн ойлголт бөх бат суусан Германд академизм дундаас энэ үзэл санаагаа засч залруулах дуу хоолой гарсан нь сонирхолтой байна. Энэ өвлийг өнтэй давахын тулд АЦС-аа ирэх зун хүртэл зогсоохоо хойшлуулъя, дахиад 1-2 жил азная гэсэн санал олонтоо гарчээ. Эрчим хүчний үнэ өндөр болсноор эдийн засгийн өсөлт удааширч зогсонги байдал үүснэ. Гэхдээ оросуудтай яаж ийгээд хэл амаа ололцвол байгалийн хийг урьдын адил авч ашиглаад байж болох гарц байгаа юм.

Ямар ч байсан хөлдөөд үхчихгүй байх гэсэн тайвшрал бас байна. ЕХ-ны орнууд эрчим хүчээр Оросын хараанаас гарахад түмэн зовлон бэрхшээл байгаа юм. Орос-Украин дайтаад хагас жил боллоо.Оросын чулуун нүүрс, нефтийг хорьсон Европын холбоо одоо байгалийн хийн импортыг хориглох уу яах вэ ацан шалаанд ороод байна. Гэвч Европын холбоо хориглохоос өмнө Оросууд өөрсдөө байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоох, крантаа хаах аюул бий.ЕХ гишүүн орнууддаа хийн хэрэглээгээ 15% танахыг зөвлөжээ.

Ийм аюулын мэдрэмж авсан европ шинэ зам бий болгохын төлөө хуруу хумсаа хуйхлах шахаж байна. Африкийн байгалийн хийг Испаниар дамжуулан зүүн Европ, Германд хүргэхийг тооцож байгаа юм. Европын холбооны комиссын дарга Ursula von der Leyen өнгөрсөн 5-р сард Иберийн хойг төв европыг холбосон хийн хоолойн төлөвлөгөөний талаар ярьсан байдаг. Уг нь нэлээн эртнээс буюу ковид, дайнаас өмнө 2016 онд Европын холбооны баримт бичигт “Оросоос хийн нийлүүлэлт тасалдах нь ЕХ-нд ихээхэн эрсдэл дагуулна” гэж онцолж, Иберийн хойгт хийн хоолой барьж байгуулах нь стратегийн ач холбогдолтой болохыг илэрхийлж байсан байна. (Gas interconnections between the Iberian Peninsula and the rest of Europe)

Эрчим хүчнийхээ нэг хэсгийг ч болтугай яаж ийгээд ЕХ дотоодоосоо хангах талаар хөдөлж ч буй. Энэ бол Голланд Герман умард тэнгисээр шинээр хийн хайгуул хийх төлөвлөгөө юм. Гэвч ногоон дайчдын асар том эсэргүүцэлтэй тулгарч байна.

Орос-Украины дайн ганц эрчим хүч төдийгүй европын гадаад бодлого, аюулгүй байдлыг орвонгоор нь эргүүлээд байна.

Олон Улсын эрчим хүчний байгууллага (IEA) өнгөрсөн 6 дугаар сард 2050 он хүртэл хүлэмжийн хийг тэглэхийн тулд дэлхийн АЦС-д оруулах хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлэх хэрэгцээ гарч байна гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын эрчим хүчний бодлогын талаар товч дурьдая.

Дайн байлдаан, хямралын үеийн эдийн засгийн шинэ нөхцөлд Орос улс эрчим хүчний шинэ зах зээл, гарцын талаар бодохоос гадна дотооддоо нефть-хими болон байгалийн хийн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийг чухалчилж, эрчим хүчний талаарх бодлого, хөтөлбөртөө шинэ нөхцөлд байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт хийн эрчимжүүлж эхэлжээ. Уржигдар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт” дээр “Орос Улс бол байгалийн баялгаараа өөрийгөө бүрэн хангах боломжтой цорын ганц орон гэж хэлж болох бөгөөд үүнд Алс Дорнодын бүс нутаг чухал үүрэг гүйцэтгэдэг.

Газрын тос, байгалийн хий, нүүрс, металл, мод, усны био нөөцөөрөө тус бүс нутаг нь дотоодын зах зээлдээ төдийгүй манай гадаад түншүүдийн хамгийн чухал ханган нийлүүлэгч нь юм” гэв. Мөн модераторын асуултанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хариулахдаа “Би дахин хэлье, дэлхийн зах зээл дээр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ маш их байгаа тул бидэнд борлуулалт тал дээр ямар нэгэн асуудалгүй. Үнэн хэрэгтээ, Хятадын эдийн засаг Америкийнхаас том энэ бол өнөөгийн дэлхийн хамгийн том эдийн засаг, хэрэгцээ нэмэгдэж байна, бидний хэлэлцэж тохирсон зүйлс тогтвортой, харилцаа маань урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна,

“Сибирийн хүч” хийн хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бид бас өөр өөр чиглэлүүдийг судалж байгаа бөгөөд дашрамд хэлэхэд, нэг чиглэл нь Приморийн хязгаараар, Монголоор дамжин өнгөрч магадгүй юм.Монгол Улс бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой, энд ямар ч асуудал гарахгүй гэж бид харж байна” гэж онцоллоо.

Манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр тулгамдсан асуудлаа маш сайн илэрхийлж чадлаа. Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ыг ОХУ-тай, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр БНХАУ-тай хамтарч ажиллах талаар тов тодорхой хэллээ. Хуурайшилт, ган гачиг ихтэй манай оронд ядаж усан сангийн нөөц бүрдэнэ, олон талын ач холбогдолтой юм. Мөн III ДЦС-ийн өргөтгөл дээр оросууд туслахаа амлав. Нөгөө талаар чуулга уулзалтын хүрээнд “Газпром” болон БНХАУ-ын CNPC компанийн ТУЗ-ийн дарга нар цахимаар ажлын уулзалт хийж, 2023 онд Хятадад нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Газпромын гэрээний үүргийн биелэлт хэрхэн хангагдаж буй тухай ярилцсан нь анхаарал татлаа.

Үүнээс өмнө өнгөрсөн 4 дүгээр сард “ОХУ-ын байгалийн хийн салбарын хуралдаан “ ч болсон.Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко“бид байгалийн хийг цэврээр, ямар ч боловсруулалтгүй гадагш борлуудаг. Орост хий боловсруулах үйлдвэрүүд бий болсон ч энэ нь хангалтгүй гэж онцлоод “одоо Европ Оросын хийнээс татгалзаж, Оросын хараат байдлаас ангижрах болно гэж сүрдүүлж байна. Уг нь бид нэг ч гэрээг зөрчиж байгаагүй, хариуцлагатай хангагч байсаар ирсэн...бид байгалийн хийг хаана борлуулах вэ гэдгээ бодохоос гадна эх орондоо хийг илүү эрчимтэй ашиглаж, хий боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэжээ.

Уг хуралдаан дээр Оросын эрчим хүчний сайд Александр Новак 2007 оноос хэрэгжүүлж буй “Алс Дорнод болон Зүүн Сибирь бүс нутагт нэгдсэн хийн олборлолтын системийг нэвтрүүлэх, байгалийн хийн тээвэрлэлт болон хангамжийн бүтцийг бий болгож, улмаар БНХАУ болон Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орнууд руу байгалийн хийг экспортлох боломжийг эрэлхийлэх улсын хөтөлбөр” буюу “Дорно зүгийн хийн хөтөлбөр”амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, “бидний хувьд эртнээс зүүн чиглэл буюу Ази, Номхон далайн бүс нутаг нь худалдаа, эдийн засгийн харилцаанд ч, эрчим хүчний яриа хэлэлцээнд ч тэр маш чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн" гэж онцолсон байна.

Газпром-ын тэргүүн А.Миллер “бид үүнийг өчигдөр л боловсруулж хэрэгжүүлж эхлүүлсэн юм биш. Ойрын ирээдүйд улам бүр хурдасгана гэдгээ хэлмээр байна" гэжээ."Газпром" 2005-2021 онд Оросын 69 бүс нутагт 39 мянган км хийн хоолой барьж, үүнд 489 тэрбум рубль зарцуулсан бол 2021-2025 онуудад нийт санхүүжилтийн хэмжээ 526.1 тэрбум рубль байх бөгөөд хөрөнгө оруулалтын гуравны хоёроос илүү нь хөдөө орон нутаг, алс бөглүү хязгаарт зориулагджээ.

Өнгөрсөн 7 дугаар сарын байдлаар Европын Холбооны хориг арга хэмжээний улмаас буурч байсан Оросын нүүрсний экспортыг Хятад, Энэтхэг рүү чиглүүлж чадсан, иймээс экспорт өмнөх сартай харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгааг шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

Ийнхүү улс орнууд ирэх өвлийг угтан “хөлдөх үү эс хөлдөх үү” хэмээх айдас доор өөр өөрсдийн гарц шийдлээ хайж буй энэ үед эрчим хүчээр цатгалан ОХУ “Оросын эрчим хүчний долоо хоног” уламжлалт арга хэмжээгээ 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулахаар зарласан байна.Манайх оролцох биз ээ.

Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээр бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортлоно гэсэн алсын хараатай улс билээ. Шинэ сэргэлтийн бодлогоор эрчим хүчээ 2.5 дахин нэмэгдүүлэх өөдрөг бодолтой байгаа. Мөн нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэл хангах бодлого баримтална гэж зарласан байдаг. Гэвч бодит байдал өөр байгаа. Дээр дурдсан улс орнууд эрчим хүчний хувьд онцгой нөхцөл байдлын буюу эрсдэлийн үеийн бодлого, менежмэнтээ тодорхой болгож, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх замаа аль хэдийнэ сонгоод ажиллаж байна.

Манай улсын хувьд энэ өвөл гал алдахгүй байх, хөлдөөчихгүй “аргална даа” гэх төдий бус илүү найдвартай, тогтвортой эх үүсвэрийн талаар нухацтай бодох цаг болсон. Өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчтэй, өөрийн гэсэн цахилгааны тогтвортой эх үүсвэр л чухал. Иймээс тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур хүчин зүйлийн нэг болох эрчим хүчний аюулгүй байдалд бид илүү анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаар эрчим хүчний салбарын дунд болон урт хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй байна, эрсдэлийн үеийн бодлогоо ил тодорхой болгохыг цаг үе шаардаж байна.

Сэргээгдэх эрчим хүч ашиглах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжих, төрийн дарамт шахалтыг багасгах чиглэлээр бодит алхам хэрэгтэй байна. Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа ядаж зардлаа нөхдөг байх, салбарын өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах цаг болсон. Ойрын жилүүдэд эрчим хүчний хомсдол үүсэх, одоогийн байдлаас дордох хэмжээнд очих нь манайд байтугай дэлхийн олон улс оронд тодорхой болж байна, харин бид бэлэн үү.