2022.07.29
ДЦС-уудыг нүүрсээр хангахад гол үүрэг гүйцэтгэдэг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр /2022.07.28/ “Багануур” ХК-д ажиллажээ. Энэ талаар салбарын яамнаас дараах мэдээллийг өглөө.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг/ДЦС/ нүүрсээр хангахад гол үүрэг гүйцэтгэдэг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 50 хувьтай үргэлжилж байна.
Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, өвлийн бэлтгэл хангахад тулгамдаж буй хүндрэлтэй байгаа асуудлуудаа танилцууллаа.
Тодруулбал түлш, тэсрэх материал, дугуй, тослох материалын нөөц бэлдэхэд шаардлагатай санхүүжилт, тоног төхөөрөмжүүдийн агрегат засвар, нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх санхүүжилт, татвар, нийгмийн даатгал зэрэг урт богино хугацаат өр төлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор үүссэн санхүүгийн хүндрэл байгаа гэв.
Сайд Н.Тавинбэх “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах талаар хэллээ.
Мөн хил гааль дээр саатаад байгаа сэлбэг материалыг хурдан татан авахад анхаарал хандуулна гэв. Тэрбээр
- Авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлж төлөвлөсөн хэмжээндээ хүргэх
- ХАБЭА-д анхааран осол зөрчилгүй, сахилга хариуцлагатай ажиллах
- Хөдөлмөрийн хуультай холбоотой үүссэн асуудлаар ажилтнуудтайгаа ойлголцож ажиллах
- Ковид-19 вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажилтнууддаа халдвар хамгааллын дэглэм баримтлуулахыг үүрэг болгожээ.