13 обьектыг төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх төслийн саналыг дэмжихээр тогтлоо
2009.12.01

13 обьектыг төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх төслийн саналыг дэмжихээр тогтлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Засгийн газраас үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус авч хэлэлцлээ.


Засгийн газраас үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Монгол Банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар гишүүдэд танилцуулга хийлээ. Уг асуудал нь “Зоос” банкны бүтцийн өөрчлөлтийг хийхэд шаардагдах 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргахыг Улсын Их Хурал зөвшөөрөх тухай асуудал юм. Тиймээс үүнтэй холбогдуулан бүлгийн гишүүд олон талаас нь нухацтай хэлэлцэж, холбогдох албаны хүмүүсээс зарим зүйлийг тодруулсан. Энэ удаад тодорхой нэг шийдэлд хүрэлгүй шаардлагатай зарим мэдээллийг дахин сонсохоор болж Мягмар гаригт бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахаар боллоо.

Үүний дараа нь Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтад орсон нийт 15 обьектоос Орхон аймаг дахь хоёр обьектыг уг жагсаалтаас хасах, худалдах эсвэл моргейжийн аргаар өмчөө ашиглавал ямар вэ гэсэн саналыг гишүүдийн зүгээс гарган, хэрхэн үр дүнтэй ашиглах хэлбэрийг тодорхойлж хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Харин үлдсэн 13 обьектыг төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх төслийн саналыг дэмжихээр тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.