Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг БШУЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны удирдлагын төлөөллийг хүлээн авч уулзан, боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцлаа.
Мөн 2023 оны төсөвт тус салбарын хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлж тусгах асуудлаар санал солилцов. Тухайлбал, 2012 оноос хойш царцаасан, анхны үнэлгээ нь хэд дахин нэмэгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгах, цахим шилжилт, боловсролын салбарын шинэчлэлд зориулах хөрөнгө оруулалтыг тусгах гэх мэт олон асуудлаар салбарын яамны байр суурийг сонслоо.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд салбар бүрийн мэргэжлийн багтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр тус Байнгын хороонд хэлэлцүүлгийн шатанд яваа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Боловсролын ерөнхий хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулан, ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэнэ гэдгийг тодотгосон.
Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүний өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо голлох үүрэгтэй оролцоно гэдгийг онцоллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn