“Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” мэдээлэл сонслоо
Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолын биелэлтийн талаар Шадар сайд М.Энхболдын мэдээллийг сонсов. УИХ-ын тогтоолын нэг дэх хэсэгт “төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, орон тоо, ажил үүргийн давхардлыг арилгах, Засгийн газрын болон түүний агентлагийн бүтэц, бүрэлдэхүүний зардал хэмнэх, ажлын давхардлыг арилгах чиглэлээр санал боловсруулж УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх”-ээр заасны дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулан холбогдох судалгаа хийлгэж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч хуралдаанаараа хэлэлцэн зарим саналыг Монгол Улсын 2010 оны төсөвт тусгасан байна.
Засгийн газрын танилцуулгатай холбогдуулан З.Алтай, Э.Мөнх-Очир, Н.Энхболд, Ж.Одхүү, С.Ламбаа, Д.Энхбат, Ж.Сүхбаатар, Ц.Батбаяр нарын гишүүд асуулт асуун, саналаа хэллээ. УИХ-ын тогтоолын дагуу төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, төрийн зарим ажил, үүргийг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, зарим салбарыг хувьчлалд хамруулах санал боловсруулах, зарим агентлаг, нэгжийг нэгтгэх замаар ажил, үүрэг, орон тооны давхардлыг арилгах зэрэг үүргийг Байнгын хорооны хурлаас Засгийн газарт өгч, биелэлтийг УИХ-ын 2009 оны намрын чуулганы хугацаанд багтаан Байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болов.