Малыг индексжүүлсэн аргаар даатгах тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар ‘’Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас гаргах тухай’’ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, ‘’Малын индексжүүлсэн даатгал төсөл’’-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төсөл, ‘’ Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай’’ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, 2010 онд Хүн ам, орон сууцны улсыг ээлжит тооллогын товыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, дэмжсэн шийдвэр гаргалаа.
1999-2002 онд ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож манай орны эдийн засагт 333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирснаас үүдэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын хандивлагч байгууллагууд хамтарч Монгол орны зах зээлийн судалгааг 2001 оноос эхлэн хийж, энэхүү хүндрэл бэрхшээлийн эсрэг дэлхийн жишигт нийцсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлбэл үр дүнтэй байж болохыг тогтоосон.Улмаар өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр Монгол Улсад тохиромжтой эсэхийг тогтоох зорилгоор ’’Малын индексжүүлсэн даатгал төсөл’’-ийг 2005 оноос Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад туршилтаар хэрэгжүүлж ирсэн байна.
Энэ даатгалын онцлог нь малын хорогдлыг малчны хотонд хорогдсон малын тоогоор бус сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолдог. Цаашид төслийн туршилтын үр дүнд үндэслэн энэхүү даатгалын тогтолцоог үндэсний хэмжээнд орон даяар нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд эхний удаа 5 аймаг, 2011 онд 6 аймаг, 2012 онд 6 аймаг гэх мэт шаталсан дарааллаар төсөлд хамрагдах аймгуудын тоог нэмж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд мал сүргийг индексжүүлсэн аргаар даатгах тогтолцоог бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Тус Байнгын хорооны гишүүд тухайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжихийг дэмжсэн бөгөөд УИХ-аас батлан гаргасан ‘’ Монгол мал’’ хөтөлбөр болон салбар хариуцсан яамтайгаа уялдаа холбоотой ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч нарт санууллаа.