2022.10.14
Б.Бат-Эрдэнэ: Эмийн хэрэглээ манай улсад ямар байгаа талаар тооцоо, судалгаа хийсэн үү
УИХ-ын чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонслоо.
Гишүүд тус асуулгын талаар асуулт асууж байр, сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Эмийн хэрэглээ талаас манай улс ямар түвшинд байдаг вэ? Ялангуяа сүүлийн үед дэлхийн нэлээн олон улс орнуудад хурцаар ярьж буй асуудал бол эмийн зохисгүй хэрэглээ. Антибиотикийн буруу хэрэглээ, түүнийг дагасан хүндрэлүүд байна. Үүнд тооцоо, судалгаа хийсэн үү?
Чанартай эмийн үйлдвэрүүдээс ханган нийлүүлэлт хийж чадаж байна уу? Мөн эмийн үнийн асуудал байна. Эмийн үнийн хэт өсөлтийн асуудал юунаас шалтгаалж байна вэ?
Хүн амын эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх далайцтай ажлыг зохион байгуулах шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын гол бодлогын хоёр тулгуур багана нь хамгийн түрүүнд нийгмийн эрүүл мэнд болон урьдчилан сэргийлэх ажил байх ёстой.
Эмийн чанар хангамжийн асуудал эцсийн дүндээ улс орны, хүний хөгжлийн асуудал, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж бүх зүйлтэй уялдах учраас нийгмийн эрүүл мэнд, хүн ардын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёс, зөв дадал хэвшил рүү чиглүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам, БШУ-ны яам, Соёлын яам салбар дундын зохицуулалтаар Биеийн тамирын салбартайгаа хамтарч зохион байгуулах шаардлагатай юм.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.