Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулхаар боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан "Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.
Тухайлбал, гишүүн Ц.Сэдванчиг 2010 оны төсөв батлаад хэдхэн хонож байхад ойр ойрхон яагаад хуульд өөрчлөлт оруулах болов гэсэн бол гишүүн Н.Ганбямба Нийгмийн даатгалын сангийн төсөв улсын нэгдсэн төсөвт тусгагдсан гэж үзэж буйгаа хэлсэн юм. Сангийн сайд С.Баярцогт энэ хуулийн төсөлд нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсөвт тодотгол хийгдэх асуудал яригдаж байгаа. Тухайн төсвийн жилд нийгмийн халамжийн тодорхой хувь хэмжээ өссөн учраас үүнтэй уялдуулан зайлшгүй тодотгол хийх асуудал орж ирсэн гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь “тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл болж байгаа ажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сангийн зардлыг 3,2 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зардлыг 6,9 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зардлыг 0,6 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зардлыг 3,5 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагыг 2,4 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлыг 0,7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд болон нийгмийн даатгалын сангийн нэмэгдэл зарлагыг санхүүжүүлэх нөхцөл бүрдэх юм байна.
Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орсноор санхүү, эдийн засгийн хүндрэлийн үед даатгуулагчийн өрхийн орлого буурах эрсдлийг хамгаалах зорилгоор УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын хуулиудад оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Ингээд Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны эцэст “Шинэ Улаанбаатар” Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан боловч төсөл санаачлагчдын төлөөлөл Ч.Сайханбилэг гишүүн уг асуудлыг чуулганы дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх ãîðèìûí санал гарган хойшлуулснаар өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Атрын 3 дахь аян ба мал аж ахуйн салбарын ажлын явц, үр дүн, цаг үеийн асуудлаар” хийх мэдээллийг сонсоно.