ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг, төр засгийн удирдлагууд хүлээн авч уулзав
Монгол улсад ажлын айлчлал хийж буй Самаранчийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзав.
Уулзалтаар 2023 онд Монгол Улс анх удаа спортын олон төрөлт Азийн залуучуудын наадмыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй талаар хэлэлцлээ. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн 9 орны нийт 1500 гаруй тамирчин 12 төрлөөр өрсөлдөх юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө төр засгийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн 2030 онд залуучуудын зуны олимпын наадмыг эх орондоо хүлээн авах хүсэлтээ МҮОХ-гоор дамжуулан ОУОХ-нд илэрхийлсэн. Спортын томоохон арга хэмжээг эх нутагтаа зохион байгуулах нь нийт хүн амыг спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуусыг спортоор дамжуулан зөв боловсон хүмүүжүүлэхэд тустайгаас гадна улс орны эдийн засгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулдаг” хэмээгээд спортын наадмуудыг эх орондоо зохион байгуулах бидний зорилгыг дэмжиж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илэрхийлж байхыг хүслээ.
Харин ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио дайн байлдааны нөхцөл хурцадсан энэ үед тамирчдын эрх ашиг хохирч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Тиймээс ойрын үед энэ асуудлаар хуралдаж, тодорхой шийдэлд хүрэх болно гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн төр засгийн зүгээс спорт, олимпизмыг хөгжүүлэх, бүх нийтийг хамруулах, олимпын үзэл санааг хүүхэд багачуудад өвлүүлэх чиглэлд МҮОХ-той хамтран өргөн хүрээтэй ажиллаж байгааг дуулгав.Талууд цаашид спорт, олимпизмын үйл хэрэгт нягт хамтран ажиллахаар тохирлоо.