Нийслэлийн төсвийн орлогын биелэлт 106,9 хувьтай  байна
2009.12.15

Нийслэлийн төсвийн орлогын биелэлт 106,9 хувьтай байна

2009 оны нийслэлийн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ирэх оны нийгэм, эдийн засгийн зорилт, дүүргүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын биелэлт, цэрэг татлага зэрэг асуудлаар товч мэдээлэл сонслоо. Нийслэлийн Санхүү, төрийн сангийн төсвийн ерөнхий мэргэжилтэн Ц.Долоонжингийн мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн төсвийн орлогын биелэлт 106,9 хувьтай байгаа ажээ. Төсвийн орлогууд дотроос татварын орлогын төлөвлөгөөний биелэлт сайн байгаа бөгөөд Сүхбаатар, Баяндүрх, Баянгол дүүргүүдийн татварын орлого давж биелсэн байна.

Нийслэлийн ирэх оны эдийн засаг, нийгмийн зорилтын төсөлд зарим байгууллага санал өгөөгүй байгааг Тамгын газрын дарга Ц.Болдсайхан дурдаад, байгууллага бүхний хийх ажил нэртэйгээ байх ёстой, хэрэв энэ зорилтод нэр нь ороогүй байгаа бол тухайн газар нь хийх ажил байхгүй, илүүдэл газар гэж ойлгогдохоор байгааг анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлснийг Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар мэдэгдлээ. Ээлжит цэрэг татлагын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийн дагуу цэрэг татлагын байрыг ариутгал, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, цэрэгт татагдагсад болон тэдний ар гэрийнхнийг дулаан байраар хангах ажлыг зохион байгуулсан байна. Зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.

Юуны өмнө төсөвт байгууллагууд болон дүүргүүд 2009 оны төсвийн гүйцэтгэлийн тооцоог хийж, өр авлагагүй гарахад анхаарах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдсэн ажлын гэрээ гүйцэтгэлийг дүгнэж, улсын комиссын акт болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэх, хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар таслахгүй байх талаар мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн шинэ жилийн баярын өмнө нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гэрэлтүүлгийг бүрэн асааж, гэрлэн чимэглэл хийх, гудамж талбайн цэвэрлэгээ, тээвэрлэлтэнд онцгой анхаарахыг үүрэг болгосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.