Х.Баттулга: Найман зууны түүхээ хэдхэн тонн түүхий нүүрстэй хамт зөөчихмөөргүй байна
-Сүүлийн үед Тавантолгойгоос татах төмөр замын маршрутын маргаан нэлээд эрчимжлээ. Гол хоёр тоглогч нь таны тэргүүлсэн салбарын яам, нөгөөх нь Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих зөвшөөрөлтэй "Энержи ресурс" компани байна?
-Маршрутаас өмнө, ер нь төмөр зам Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэйг ойлгомоор байгаа юм. Монгол Улс далайд гарцгүй. Дэлхийн зах зээлд хамгийн дөт замаар гарах ганц гарц нь төмөр зам. Төмөр замаар Европ, Ази руу ч гарна. Тэгэхээр далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн чухал салбар. Төмөр зам зах зээлд хүрэх, эдийн засаг бизнесийн ашиг авчрах гол хөтөч мөн нь мөн. Гэхдээ далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замын тээврээр олох ашиг хоёрдугаарт эрэмбэлэгдэх ёстой.
-Нэгд нь юу гэж?
-Төмөр замын тээврээр хадгалж болох эдийн засгийн аюулгүй байдлаа нэгдүгээрт эрэмбэлэх ёстой. Эдийн засгийг зөвхөн мөнгөн дүнгээр олох ашиг талаас нь харж болохгүй ээ. Том агуулгаар нь харах хэрэгтэй. Өнөө маргаашийнхаа олох ашгийг бодоод ирээдүйд хүрч болох эдийн засгийн аюулгүй байдлын эрсдлийг орхиж болохгүй. Энэ эрсдлийг тооцох, урьдчилж харах нь төрийн үүрэг. Хувийн хэвшилд бизнесийн ашиг чухал бол, улс орон, түүнийг удирдаж байгаа төрд бизнесийн ашгаар үл хэмжигдэх эдийн засгийн бие даасан байдал, эдийн засгийн аюулгүй байдал хамгаас чухал. Ашигт малтмалын ордууд дагасан дэд бүтцийг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд цогцоор шийдэх хэрэгтэй. Түүнээс бус, орд бүрт зориулсан дэд бүтэцтэй салангид бодлого байж таарахгүй. Эдгээр ордыг ашиглаж байгаа хувь, хувьсгалын компаниуд эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан төрийн нэгдсэн бодлогод л захирагдах ёстой.
-Тэгэхээр хувийн төмөр зам байж болохгүй юу?
-Би хэллээ ш дээ. Далайд гарах гарц бол төмөр зам, ертөнцтэй харилцах цонх. Энэ утгаараа төмөр зам бол стратеги. Далайд гарцтай орнуудад ч төмөр зам стратеги байдаг. Тийм учраас хилийн дагуухь төмөр замын суурь бүтэц төрийн мэдэлд байх ёстой. Америк, Германд ч тийм байдаг. Хамгийн их нүүрс экспортолдог Австралид гэхэд хувийн өмчийн төмөр замуудаа бүгдийг нь буцаагаад төрийн өмчинд авсан.
-Сэлэнгэд "Болдтөмөр Ерөө гол" гэж компани хувийн төмөр зам барьсан шүү дээ?
-Тэр бол Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дотор салаа зам барьсан. Тэр зам нь гол замтайгаа холбогдсон учраас төрийн бодлого шийдвэрээр явж байгаа. Ер нь бол төмөр замд гол зам нэг л байдаг. Түүнээс тусгаарласан салаа замууд байж болдог. Гол замаасаа салангид зам гэж байдаггүй. Энэ бол төмөр замын тухай наад захын ойлголт.
-Тэгвэл төрийн бодлого яагаад заавал Сайншанд гэж?
-Өнөөдөр манай улсад хамгийн ойр далайн боомт нь Тянжин. 2000 орчим км байх. Тавантолгойн баялгийг олборлоод, эсвэл боловсруулаад хил дээрээс цааш нь зараад байж болохгүй. Хоёр дахь далайн боомт руу гарах ёстой. Энэ нь Владивосток, Находокийн, Ваниногийн боомтоор дамжиж гарах хувилбар. Ингэж байж бид Солонгосын хойгт бүтээгдэхүүнээ гаргана. Энэ нь бүтээгдэхүүнээ нэг улсаас, нэг боомтоос хараат бусаар зах зээлд хүргэх стратегийн ач холбогдолтой. Мөн Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ дундын зуучлагчгүйгээр, далайн боомтын үнээр эцсийн хэрэглэгчдэд нь зарах боломжтой олон улсын жишигт ойртож байгаа юм. Төмөр замын маршрутыг ийм бодлогын хүрээнд, ийм ирээдүйг харж энэ чиглэл рүү нь тавих ёстой гэж үзэж байгаа.
-Хувийн компаниудын санал яамны бодлоготой нийлж байгаа юу?
-Хувийн компаниуд яамны бодлогын эсрэг санал хэлж байгаа. Ордоо эргэлтэд оруулж, ашгаа хурдан олмоор байна гэж байгаа. Энэ буруу биш. Тэд барьцаалах юмтай, түүгээрээ зээл авч, зээлээрээ төмөр зам тавих гэж байна. Энэ нь бизнест байдаг хэвийн процесс. Гэхдээ хувийн бизнесийн эрх ашиг бүхэл бүтэн улсынхаас том, эрхэм байж болохгүй. Хэрвээ компани бүр төрийн бодлого тодорхойлох процесст оролцоод нөлөөлөөд, лоббигоор өөрсдийнхөө талд шийдүүлээд, жижиг эрх ашгийн өмнө том нь хүчгүйдээд байвал цаашид жишиг тогтчихно.
-Жишиг гэж, "Энержи ресурс", "МАК"-аас гадна төмөр зам тавих зөвшөөрөл хүссэн өөр компани байгаа юм уу?
-Монголд байдаг л жишгийг хэлье. Танай Говь-Алтайн нэг нөхөр "за Отгоо чи Баттулгаас ярилцлага авчээ. Та хоёрын харилцаа гайгүй бололтой. Алтайд байгаа нэг ордын хөрөнгө оруулагч нь төмөр зам тавих зөвшөөрөл аваад өгвөл хувь өгье гэж байна" гэнэ. Тэгж байтал Сүхбаатараас Цайрын орд, Бичигтийн боомтоос хил рүү төмөр зам тавьмаар байна гээд миний нэг танил ороод ирнэ. Баянхонгороос энэ Засгийн газарт Занданшатар, Лу Болд, би, гээд гурван сайд бий. Манай аймгийн нэг улсын цолтой бөх "за та гурав аймагтаа байгаа ганц ордоос шууд төмөр зам татаад өгөлгүй яадаг юм" гэж шахна. Энэ бол хэн сайд байх нь хамаагүй, цаашид магадгүй орд олдсон аймаг болгон төмөр зам тавиулахыг бодно. Ийм жишгийг яаж зогсоох, ямар зарчим тогтоох вэ гэдгээ бас бодох ёстой.
-Сайд аа, өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Төмөр замаар тусгаар тогтнолд нь халддаг цаг үе өнгөрсөн юм биш үү?
-Эдийн засгийн аюулгүй байдал, геополитик гэж ярихаар "одоо тэгж танк ачаад, эсвэл буутай цэрэг орж ирэхгүй" гэж өөдөөс даапаалаад байгаа байхгүй юу. Буутай цэргийн хүчээр тусгаар тогтнолд нь халддаг үе харин өнгөрсөн. Эдийн засгийн тусгаар тогтнол бол өөр. Нэг зах зээлээс 60-70 хувь хараат байгаад, тэндээс боолт ирвэл тухайн улсын эдийн засаг шууд унадаг. Гэтэл өнөөдөр бид бүх юмаа гаднаас, хүнсний ногоогоо хүртэл, бараг төрсөн биенээсээ бусдыг Эрээнээс авч байна. Дотоодын үйлдвэрлэл гэж байхгүй. Ийм байхад, уул уурхай дагасан том эдийн засгаа хараат ганц зах зээлдээ барьж өгөхөөс л болгоомжлуулаад байгаа хэрэг. Хэрвээ Хятадын дотоодын сүлжээ, тенхологиор нь хилээ сэтлээд Гашуунсухайтаар 260 км, дараа нь Ховд, Сүхбаатараар төмөр зам оруулаад ирлээ гэж бодъё. Энэ төмөр замаар зорчигч тээвэр орж ирнэ. Хятадын бизнесмэнүүд аймгуудын захуудыг дүүргэнэ. Эхэндээ монголчуудаар бараагаа заруулна. Дараа нь өөрсдөө суугаад зарна. Хөдөлмөрлөх чадвараараа хятад хүн дэлхийд гайхагддаг.Зарим нь захыг худалдаад авчихна. Одоо түүхий эдийн "Эмээлт" зах ямар байдалтайг хүмүүс мэдэж л байгаа. Наад зах нь ийм аюул бодитой байгаа. Энэ найман боомтод манай хил, гаалийн супер ажилчид байна гэдэг эргэлзээтэй. Бараг боломжгүй. Бид одоо Замын-Үүд, Алтанбулагаа яая гэж байна ш дээ. Тэгж байж найман боомтод ажиллах хил гаальчдынхаа цалин хангамжийг худалдагдахгүй хэмжээнд өгч чадах уу, чадахгүй. Энэ бүхнийг харж, тооцсон төрийн бодлого байх ёстой. Түүнээс бус,үнэтэй байгаа дээр нь нүүрсээ хурдан зараад ашиг олъё гэдэг бол хоёрдугаарт тавигдах асуудал. Мөнгө бол олдоно. Мөнгө байгаад эргэж нөхөгдөхгүй, олдохгүй үнэт зүйл гэж байна шүү дээ.
-Уг нь бол уул уурхайн ордууд маань өмнөд бүст ч, түүнийг дагасан бизнес хотоос хамааралтай, энэ бизнес монголчуудынх байх ёстой биз дээ?
-Байж чадахгүй байгаагийн жишээ Дорнод аймагт газрын тос олборлож байгаа "Петрочайна" компани дээр ил байгаа. 2006 онд би Их хурлын байнгын хорооны гишүүний хувьд газар дээр нь очсон. Үнэхээр эмзэглэмээр. Олборлолт явуулж байгаа компаниуд нь бүх хангалтаа хилийн цаанаас авдаг. Хоолны мах, талх, ариун цэврийн цаасаа хүртэл цаанаас авдаг. Гэтэл наахна нь байгаа Матад сум ажилгүйдэл, ядуурал ихтэй, гэрэлгүй. Тэр орд газарт нийлүүлж байгаа бизнес байхгүй, хүртэж байгаа ашиг хаялга гэж байхгүй. Энэ бүхнийг бид мэдэж хэрнээ л засч залруулж чаддахгүй явсаар түрүүн ярьсан жишгийг эхлүүлчихэж байгаа юм. Бид Оюутолгойн гэрээг дагаж явах 200 гаруй бизнес монголчуудынх байна гэж баярлаад л байсан. Гэтэл эхнээсээ байхгүй болж байгаа сурагтай. Хөрөнгө оруулагчид өөрсдөө зам тавиад хилийн цаанаас бүх юмаа авч байна. Монголчууд эндээс ядаж мах, гурилыг нь нийлүүлье гэхээр дэд бүтэц алга.
-Маршрутын хол ойр, тээврийн зардал талаас нь харвал Гашуунсухайтын чиглэл яамны саналаас илүү оновчтой сонголт мөн биз дээ?
-Тавантолгойтоос 260 км яваад Гашуунсухайтаар гарч байгаа нүүрс Бугатын үйлдвэрийн түүхийн эд л болно. Нүүрсийг сайндаа угаагаад л урагшаа зөөнө. Сая Тавантолгойд технологи мэддэггүй баахан дарга нар очоод ирсэн. Нүүрс угаах үйлдвэрийн шавыг нүүрс боловсруулах үйлдвэр гэж яриад байгаа байхгүй юу. Нүүрс угаах бол хогноос нь цэвэрлэж байгаа эдийн засгийн ашгаа бодсон л бизнесийн аргачлал. Жишээ нь, хүмүүс самар түүхээрээ ойд боргоцойноос нь салгаж цэвэрлээд шигшсэн самраа үүрээд харьдаг даа. Хэрвээ цэвэрлэхгүй бол хогтой самрыг хүн авахгүй, дээр нь үүрээд явсан ч хүнд. Нүүрс угаах бол тийм л процесс. Нүүрс угаахад Монголд юу үлдэх вэ. Нүүрсээ ухуулсан газар, шигшсэн самрын хог ойд хаягддаг шиг угааж ялгасан хог нь л үлдэнэ. Харин бидний хувилбар Сайншанд хүртэл 400 гаруй км зам туулж байгаа боловч нүүрсээ угаадгаараа угаана. Дараа нь тэндээ гаргаж авсан коксоороо "Эрдэнэт", Оюутолгой, Цагаан суврагын зэс, чадвал Удоганы зэсийг авчирч боловсруулна. Дарханд байдаг төмрийн хүдрийг түүхийгээр нь гаргах биш, эндээ боловсруулж авчраад ган бөмбөлөг хийх зэргээр улсынхаа эдийн засагт нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох зорилготой. Дээр нь Сайншандад стандартын технологи хэрэглэх учраас цалин бас стандартын, дэлхийн жишигт нийцсэн байна. Тийм учраас харийн нутагт хөгшдийнх нь хийж дийлдэггүй, залуусынх нь голоод хийдэггүй боолын хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд маань бүгдээрээ биш юмаа гэхэд ихэнх нь ирж эх нутгийнхаа агаараа амьсгалж, ээж аав элгэн садныхаа дунд ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалтад хөлс хүчээ зориулах боломж бүрдэнэ. Төр засаг гэж байгаа л бол ирээдүйгээ харсан иймэрхүү бодлого хэрэгжүүлье гээд байгаа юм.
-Бүтэх үү тэгээд, Сайншандад боловсруулах үйлдвэр барина гэдэг?
-Бүтээх гэж л хамтарсан засаг байгуулсан гэж байгаа ш дээ. Бүтэхгүй гээд суугаад байвал хэн ч барьж өгөхгүй. Монгол Улс гаднын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч хэвээр байсаар баялаг маань дуусна. Монголын маань оршин тогтнох цаг хугацаа өнөөдрийн бидний амьдралаар дуусахгүй ш дээ. Хэрвээ ашигт малтмалаараа хөгжинө, баяжина л гэж байгаа бол боловсруулах үйлдвэр барьж байгуулахаас аргагүй. Байгаа баялгийнхаа багахан хувиар боловсруулах үйлдвэр барьж чадахгүй төр гэж байхгүй байлгүй дээ. Хэрвээ боловсруулахгүй түүхийгээр нь гаргавал түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчээс гадна, эцэстээ биднийг ноолуур, арьс шир шиг, алт хөтөлбөр шиг ирээдүй угтана.
-Та бүхний тооцоогоор боловсруулах үйлдвэрийг тэгээд ямар өртгөөр хэдий хугацаанд барих уу?
- Урьдчилсан тооцоогоор 3-5 жил шаардлагатай. Боловсруулах үйлдвэр барих зардал арваад тэрбум ам.доллар гэж байгаа.
-Төсвийг батлах хугацааг нь тулгаж байгаад хагас шөнийн дотор тойрогтоо тэрбум төгрөг хуваарилдаг, хөгжлийн төлөө биш, тойргийн сэтгэлтэй хүмүүс төрийг удирдаж байхад ийм их мөнгийг хаанаас олох вэ, тэгээд?
-Хэрвээ бид нар төсвөө, төрөө өнөөдрийнх шиг менежментээр авч явбал бидний энэ санаа бүтэхгүй ээ. Төрд хөгжлийн төлөөх менежмент алга гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр 6.4 тэрбумын нөөцтэй ордын дөрөвхөн хувийг авсан хувийн компани 400 сая тонн нөөцөө барьцаалж зээлээр мөнгө босгоод байхад зургаан тэрбумын нөөцтэй улсын компани нь яагаад хөрөнгө босгож чадахгүй байна вэ. "Эрдэнэс MGL" гэж компани байгуулсан. Гэтэл энэ компани дээр нөгөө дөрвөн хувийг авсан компани нь лоббигоо хийчихсэн. За чи унтаж байгаарай, босоод ирвэл бид нар унана шүү гээд лоббигоо хийчихсэн. Уг нь зургаан тэрбумын нөөцөө барьцаалж ирээдүйгээсээ урьдчилж хөрөнгө босгоод Монгол Улс хүссэн бүх бүтээн байгуулалтаа хийх боломжтой. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой дээр л ярихад ийм их баялагтай улс чинь аль нэгэн гүрний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч, иргэд нь ядуу байж болохгүй л байхгүй юу. Боловсруулах үйлдвэр барих арван тэрбум доллар их мөнгө биш ээ. Ийм хэмжээний хөрөнгө босгоход Тавантолгойн зургаан тэрбумын нөөцийнхөө зуун сая тонныг л барьцаалахад хангалттай.
-Түрүүн та технологи мэддэггүй дарга нар угаах үйлдвэрийг боловсруулах үйлдвэр гэж андуурсан тухай ярилаа. Бодвол "Энержи ресурс"-ийн угаах үйлдвэрийг хэлэх шиг боллоо. Яамны саналаар бол Тавантолгойн нүүрсийг угаасны дараа ямар боловсруулалт хийж байж экспортлох вэ?
-Коксын үйлдвэр барина. Монголдоо зэс, төмөр боловсруулах үйлдвэр барина. Бодлого ч гарсан. Зэсийн боловсруулах үйлдвэр байгуулахыг судлах ажлын хэсэг хүртэл Их хурлаас томилогдсон. Хэрвээ кокс үйлдвэрлэхгүй л бол Монголдоо зэс, төмрийн баяжуулах үйлдвэр барина гэдэг үлгэр.
-Яагаад..?
-Яагаад гэвэл зэс, төмрийг маш өндөр температурт боловсруулна. Ийм их хэмжээний дулаан ялгаруулж чадах сайн чанар бүхий илчлэгтэй түлш бол коксжих нүүрс. Үйлдвэрлэгч орнуудын гол түүхий эд болох ган бөмбөлөгийг хийхэд коксоос өөр ямар ч бүтээгдэхүүн төмөр, зэсийг хайлуулж чадахгүй. Тэгэхээр кокс бол барина гээд байгаа боловсруулах үйлдвэрийн түлшний анхдагч гол хэрэглээ юм.
-Тавантолгойн нүүрсний ихэнх нь эрчим хүчнийх, түүнийг яах вэ?.
-Нэг тонн нүүрсний 30 хувь нь коксжих, 70 хувь нь эрчим хүчнийх гэж байгаа. Цахилгаан станц бариад эрчим хүч экспортолж болно. Эрчим хүчний экспорт заавал нүүрсний тээврээр байх албагүй. Агаараар утас гүйлгээд эрчим хүч явуулчихаж болно.
-Ер нь бол яамны бодлого Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь ч, угаагаад ч, коксжих хэлбэрээр нь гаргахгүй юм байна, тийм үү?
-Аль нэг хэлбэрээр нь гаргалаа гэхэд төр өөрийн бие даасан бодлогоороо шийднэ. Зөвхөн бүтээгдэхүүн гэхгүй, ордыг дагасан бүтээн байгуулалт, дэд бүтцийг ч төрийн бодлогоор шийднэ. Ялангуяа төмөр замын маршрутыг. Хуулиар бол төмөр замын бодлогыг УИХ-аар тодорхойлно. УИХ-д оруулах саналыг Засгийн газрын төвшинд боловсруулж, Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг мэргэжлийн яамны байр суурийг анхааралтай авч үзэх байх. Ерөнхийдөө баялаг байгаа гол нутгуудаа дайруулж өмнөд бүсээр цүлхийсэн байдлаар төмөр зам тавих нь зөв гэж үзэж байгаа. Мэргэжлийн яам энэ бодлогыг гаргаж ирэх гэж бараг жил шахуу ажиллалаа. Энэ бол их хөдөлмөр. Төрийн өмнөөс, том эрх ашгийн төлөө зориулсан мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийг УИХ, Засгийн газар шүүгээнд нь үлдээхгүй гэдэгт найдаж л байна.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бол Гашуунсухайтын төмөр замын маршрутыг дэмжчихсэн шүү дээ?
-Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан Өмнөговь аймгийнх. Нутагтаа нэг төмөр зам тавиулчихъя гэж байгаа нь түүний буруу биш. Ажлын хэсгийг ахалсан Г.Батхүү бол "Энержи ресурс" компанийн хувь эзэмшигч. Ашиг сонирхлын зөрчилтэй.
-Хэвлэлүүдийг харахад та ганцаардаж байгаа. Танай яамны бодлогыг УИХ дэмжих ирээдүй байна уу?
-Тэгж харагдаж байна уу. Харин ч намайг олон хүн дэмжиж байгаа ш дээ. Төр засаг маань нэг компанийн дотоод сүлжээнд хэтэрхий орооцолдчихлоо л доо. Энэ бол ард түмнээс санал гуйж төрийн эрх мэдэлд гарч ирчихээд тэднийхээ эсрэг, нэг компанийн эрх ашигт аалзны тор шиг сүлжигдсэн улстөрчдийн балаг. Гэхдээ ийм хүмүүс эх түүхээ мэддэг, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг ойлгодог ард түмний дэргэд дэндүү цөөхөн, бас хүчгүй л дээ. Үүнийг сонгуулийн луйврыг эсэргүүцсэн долдугаар сарын 1-ний үйл явдал харуулсан ш дээ. Тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдал бол Монгол Улсын найман зууны туршид хадгалж, хамгаалж ирсэн түүх. Ийм урт хугацааны агуу түүхээ хэдхэн тонн түүхий нүүрстэй зөөчихмөөргүй байна ш дээ.
-Хувийн хэвшлийн лоббинд орж, дотоодын сүлжээнд нь орооцолдож байгаа бол төрийн, түүнийг удирдаж байгаа та нарын л буруу ш дээ?
-Төрийн юу байхав, түүнийг удирдаж байгаа хүмүүсийн буруу гэдэг зөв. Ерөөсөө улстөрийн сонгууль сонгодог утгаа алдаж санал худалдаж авдаг, худалддаг схемд шилжсэний л гай гарч байгаа юм. Бид 1990 онд чөлөөт сонгууль хийж, ганц оготны хамраас цус гаргалгүйгээр нийгмийн шилжилт хийснээрээ бахархдаг. Тэгвэл өнөөдөр, нийгэм өөрчлөгдөөд 20 жил болсны дараа, энх цагт таван халуун амиар сонгууль хийж байна ш дээ. Сонгуулийн хандив өнөөдөр хаанаас орж ирдэг вэ гэвэл ТҮЦ, дэлгүүрийн орлогоос биш шүү дээ. Архи, бензиний тусгай зөвшөөрөл эрхэлдэг хүмүүст л бэлэн мөнгө байдаг. Бас ордын тусгай зөвшөөрөл авах гэсэн хөршүүдийн мөнгө орж ирдэг. Сонгуулийн хандив нэрээр өгсөн авлигынхаа ашгийг хүртэх, хариу нэхсэн үйл явдлууд л болж байна. Уг нь өнөөдөр сайд нь том эрх ашгаа хараагүй санал оруулаад тэрийг нь ард түмэн олон нийт эсэргүүцэж байх ёстой. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийнхэн төрийн бодлого тодорхойлж, мэргэжлийн яам нь эсэргүүцэж явна. Энэ чинь өөрөө хэний эрх ашгийг хамгаалсан лобби явж байгааг илэрхийлж байгаа юм.
-Уучлаарай, сэдвээсээ жаахан хазайчихлаа. Хятад бол нүүрсний гол хэрэглэгч. Энэ аварга том зах зээлийг, аварга том гүрнийг монголчууд бид нүүрсээр хааж боох хэрэг байна уу, тэгж чадах уу?
-Хятадыг хааж боож байгаа юм энд байхгүй ээ. Энэ том гүрэн Тавантолгойн нүүрстэй, нүүрсгүй болно. Хятад бол өөрөө нүүрсний нөөц ихтэй. Бас экспортолдог орон. Тийм учраас ганц Тавантолгойн нүүрсээр гачигдаж дутагдана ч гэж байхгүй. Хятад бол зах зээл мөн ч, манай түүхий эдтэй, эдгүй болно. Урд хөрш маань манай түүхий эдийг дуртай үедээ авна, дургүй үедээ авахгүй. Ноолуур, арьсан дээр бид энэ зовлонг мэдэрсэн. Хятад улс эрчим хүчний л дутагдалтай нь үнэн. Голдуу эрчим хүчний нүүрс авна. Эрчим хүчийг түрүүн ярьсан, нүүрсний тээврээр биш, агаарын утсан шугамаар шууд эрчим хүч нийлүүлэх боломжтой. Энэ чиглэлээр хамтарч ажиллаж болно.
-Яамны бодлого болгож байгаа Сайншанд зах зээлээсээ хол, тойруу биш үү?
-Оросын Находка, Ванино руу ороод ирэхээр Япон, Солонгостой шууд наймаа хийнэ. Эд нар чинь жилийн бараг 80 орчим сая тонн коксын хэрэглээтэй, зуун хувь импортоор авдаг улсууд. Дээр нь Сайншандын замаар германуудад ч өгөх боломжтой. Герман одоо 18 мянган км зам туулж Хятадаас авч байгаа. Хэрвээ манайхаас авна гэвэл Оросын нутгаар дайраад есөн мянган км зам туулна. Германууд бидний түүхий нүүрсийг биш, коксыг илүү сонирхож байгаа. Герман бол том хэрэглэгч. Одоо түүхий эдийнхээ 90 хувийг гаднаас авдаг. Ерөөсөө Герман Япон, Солонгос гурав бол хамгийн том хэрэглэгч. Жишээ нь, солонгосууд "та нар манайхыг зуун жил коксоор хангана гэвэл бид дэд бүтцийг нь бариад өгье" гэж байгаа. Сайншандаас Хятадад ч зарах боломжтой. Зам-Үүдээр өгчихнө.
-Замын-Үүд тийм их ачааллыг дийлэх үү?
-Энэ асуудал биш ээ. Хятадын Засгийн газарт төмөр зам тавья л гэвэл мөнгөгүйн зовлон байхгүй. Өнөөдөр хятадууд 30 сая тонн ачаа тээвэрлэх хэмжээний хөрөнгө оруулалт Замын-Үүдэд хийж байна. Сая бид нар Хятадын Засгийн газрын 300 сая ам.долларын зээлийн 60 саяыг Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулахаар авлаа.
-Замын-Үүдээр гарвал шилжүүлэн ачих гэж дугуй солино.?
-Вагоных нь дугуйг солихгүйгээр ачааг нь шилжүүлэн ачих технологи гараад ирчихсэн дээ. Энэ хүндрэл биш.
-Км-ийн хувьд ингэж тойрч болдог л юм байж. Гэтэл тээврийн зардлын хувьд Гашуунсухайт нь илүү хямд биш үү?
-Үнийн хувьд хэн авахаас шалтгаална. Жишээ нь, япон, солонгосууд авна гэвэл Гашуунсухайтаар гарсан, хойшоо Сайншандаар явсан дүндээ дүн. Яагаад гэвэл Находкын боомтоор явбал дундын зуучлагчгүйгээр шууд эцсийн хэрэглэгчдээ очно. Харин Тянжинь боомт үндсэндээ Бугатын л түүхий эдийг хангана.
-Гашуунсухайтаар гаргах гээд байгаа "Энержи ресурс"-ийнхэн ч дундын зуучлагчгүйгээр гуравдагч зах зээлд гаргах юм биш үү. Тийм боломжгүй юу?
-Боломжгүй. Наад 400 сая тоннын нөөц чинь зээлийн барьцаанд тавигдчихсан, авсан зээлээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа байхгүй юу.
-Гашуунсухайтын төмөр замаа Хятадын төмөр замтай холбож далайн боомт хүрэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж "Энержи ресурс"-ийнхэн хэлж байгаа?
-"Энержи ресурс"-ийн, хувийн компанийн дотоод менежментэд төр оролцохгүй ш дээ. Харин Хятадын төрийн мэдлийн компаниудтай хамтарч байгаа юм билээ. Ер нь бол Гашуунсухайтаар нарийн царигтай төмөр зам тавибал төрийн дэмжлэгтэй дэмжлэггүй Хятадын төмөр замын дотоодын сүлжээнд холбогдчихож байгаа.
-Гашуунсухайт, Сайншандын хоёр маршрут хоёулаа байх ёстой гэж зарим хүн хэлж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч тийм зөвлөмж гарсан юм биш үү?
-Нэгд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар санал солилцох танилцуулах хурал л хийсэн. Зөвлөмж гаргаагүй. Хоёрт, энэ хоёр маршрут хоёулаа байх боломжгүй. Хэрвээ Гашуунсухайтаар Хятадын дотоодын сүлжээтэй ижил царигтай төмөр зам тавих л юм бол бид Сайншандад үйлдвэрийн район байгуулна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Хятадын үнийн демпингийн бодлогоос дэлхий айж байна. Алс хол, далайн чинадад буй Америк хүртэл айж байхад, хажууд нь байгаа монголчууд бид нар яах юм бэ. Хилээ сэтэлж төмөр замаар дотоодын сүлжээнд нь холболоо л бол тоос сорогч асаачихсан юм шиг соруулчихна. Одоо зуун тоннын даацын машинаар өдөр шөнөгүй зөөгөөд байгаа биз дээ. Бид нар 50 сая малтай мөртлөө нэг ширхэг ч арьс боловсруулж чадахгүй гаргачихдаг. Ноолуур гэхэд дотоодын бүх үйлдвэр хаалгаа барьсан. Хэрвээ Гашуунсухайтаар Хятадын дотоодын сүлжээтэй төмөр замаар холбогдлоо гэхэд саяын жишээнүүд давтагдахгүй гэх баталгааг би л хувьдаа олж харахгүй байгаа. Зарим хүн хараад байгааг би ойлгодоггүй юм.
-Хэрвээ Гашуунсухайтын чиглэлд төр өөрөө төмөр зам тавибал энэ маршрут байж болох уу?
-Болохгүй. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хоёрдогч далайн боомт хэрэгтэйг түрүүн ярьсан. Энэ бол бодитой шалтгаан. Хэрвээ Сайншандад коксын үйлдвэр барилаа гэхэд 30 жил зогсолтгүй ажиллана. Технологи нь тийм юм. Сайншандад коксын үйлдвэр бариад "start" хийлээ гэхэд 24 цагаар 30 жил зогсолтгүй ажиллана. Яг хүний зүрхтэй адилхан. Хэрвээ Гашуунсухайт руу төмөр замын гарц байвал түүгээр нүүрс гараад коксын үйлдвэр маань нүүрсээр тасалдах, гэнэт зогсох аюултай. Зогсвол ахиад ажиллуулахад дахиж шинээр байгуулсантай дүйх хэмжээний зардал, технологи шаардлагатай болдог. Энэ бол одоо яригдаад байгаа хоёр маршрут хоёулаа, бас Гашуунсухайтын зам гэж ерөөсөө байж болохгүй гэдэг шалтгааны гол амин сүнсүүдийн нэг нь.
-Хэдийгээр та салбарын сайд ч таны ард оросуудын шахалт бий гэсэн хардлага байна. Яагаад гэвэл Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хамтарсан өмчлөлтэй. Сайншанд руу татаж одоогийн төмөр замтайгаа холбоно гэдэг нь оросуудын 50 хувийн өмчлөлтэй замд холбоно гэсэн үг. Энэ нь, Оросын нутгаар тээвэрлэх нь оросуудын сонирхолд ч нийцэж байгаа?
-Ийм хардлага байгаа. Бизнесийнхний өрсөлдөөн ч гэж мушгиж байгаа. "Энержи ресурс" консорциум, түүнд багтдаг компаниудтай өрсөлддөг бизнес надад байхгүй. Хэрвээ байдаг бол би салбарын яамыг тэргүүлж байгаагийн хувьд дэмжээд энэ төсөлд нь оролцоод, дараа нь Баянхонгор руу төмөр зам татна гэж мангартаад явж болох л байсан.
-Хүнийхээ хувьд бол хэвийн харилцаа бий биз дээ?
-Хэвийн байлгүй яах вэ. "MCS"-ийн Оджаргал бид хоёр нэг нутгийнх, Баянхонгорынх. Ганзага энэ тэр гээд бас л адилхан зовлон зүдгүүрээс босч ирсэн. Үг хэлээ ололцох тал дээр хамгийн сайн ойлголцох улс. Энэ талаа, нутаг усаа бодсон ч дэмжих л ёстой хүний нэг нь би. Гэхдээ энэ бол хувь хүмүүс, нутгархах үзлээс давсан асуудал. Архи спиртийн лиценз, хотын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл байсан бол яахав дүүрч. Харин одоо яриад байгаа төмөр замын чиглэл бол арай өөр. Хэдхэн хүний гэр бүлийн, ганцхан компанийн биенесийн ашгаас давсан сэдэв.
-Оросуудын шахалтын тухайд?
-Оросууд түүхий эд сонирхдоггүй. Сибирь нь тэр чигээрээ баялаг. Хүн ам цөөн, газар нутаг томтой, манай улстай эдийн засгийн харилцаа султай. Ийм улстай бид стратегийн хувьд түншлэх ёстой. Яагаад гэвэл бидний баялгаас оросууд хуваалцахгүй. Өнөөдөр "Эрдэнэт"-ийн ноогдол ашгаа ч оросууд авдаггүй. Энэ бага мөнгө биш шүү дээ.
-Оросууд манай баялгийг сонирхдоггүй гэж дээ. Жишээ нь, Оросын төмөр замын дарга Якунин Монголд олон удаа ирж, баялгаа битгий түүхийгээр нь гаргаарай гэж ярилцлага хүртэл өгч байсан. Тэгэхээр төмөр зам дахь Оросын талыг эзэмшдэг бизнесмэнүүдийн шахалт байна уу?
-Байхгүй ээ. Тэгээд ч Улаанбаатар төмөр замын Оросын талыг бизнесмэнүүд эзэмшдэггүй. Якунин чинь бизнесмэн биш, төрийн өмчит нээлттэй компанийн захирал. Энэ хүний удирдлагад 88 мянган км төмөр зам байдаг. Нийтдээ хоёр сая хүн ажилладаг салбар юм билээ. Юу гэж л 1100-хан км манай төмөр замтай зууралдаад байхав дээ. Хэрвээ хоёр дахь далайн боомтыг ашиглана аа гэвэл Оросын Транссибирийн төмөр замыг ашиглана. Ашиглахдаа хамтарсан учраас бид тарифын хөнгөлөлт эдэлнэ. Энэ бас нэг давуу тал. Хэрвээ хоёр дахь боомтыг ашиглахгүй ээ гэвэл Тяньжинийн хараат байна. Энэ нь нэг боомт, нэг зах зээлийн хараат байна аа л гэсэн үг. Магадгүй алсдаа өмнөд бүс нутаг маань төвөөс, эндээс хамааралгүй, хилийн цаадахь зах зээлийнхээ "тоглоомын дүрэм"-ээр тоглодог ч болохыг үгүйсгэхгүй. Үүнээс л болгоомжлуулаад байгаа юм.
-"Энержи ресурс"-ээс эхлээд Тавантолгойн ордын 96 хувийг төр авсан. Одоо төмөр зам тавих зөвшөөрлийг нь цуцлах гээд байдаг. Төр үндэсний том компаниуддаа хэтэрхий хатуурхаж байна гэх өнгө аяс бас байна?
-Хэчнээн үндэсний ч гэсэн төрийн бодлогыг хувийн компаниуд тодорхойлж болохгүй л байхгүй юу. Хэчнээн том компаниудын нэгдэл ч гэсэн Монгол Улсын эрх ашиг тэднийхээс жижиг байж таарахгүй. "Энержи ресурс"-ийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог төр гэж байж болохгүй. Сая хэвлэлийн хурал хийлгээд л "бид нар улсад төдөн тэрбумыг төлдөг, улсаасаа баян компаниуд" л гээд байна лээ. Үнэндээ бол архи, бензиний монополь бизнес хийдэг л компаниуд ш дээ. Архи, бензинд онцгой татвар төлдөг, төлөх л ёстой, тэр үүргээ биелүүлснээ л хэлээд байна лээ.
Тавантолгойн лицензийн тухайд тухайн үед мэдээлэлд ойр байсан хэдхэн хүн аваад дарчихсан байсан. Өнөөдөр болохоор лиценз хадгалж байсан, зараагүй, энэ бол гавьяа гэж ярьдаг. Зарах гээд явж байсан. Үнэн дээрээ л тохироогүй байхгүй юу. Дараа нь хайгуул хийсэн гэж заль хэрэглэж байгаад дөрвөн хувийг нь авсан. Ордынхоо ихэнх хувийг өглөө шүү гэж эх орончийн дүр эсгэчихээд хамгийн нөөцтэй хэсгийг авсан. За .энэ нь ч яах вэ гэхэд одоо болохоор хилээ сэтэлж, урд хөршийн дотоодын сүлжээнд холбосон төмөр зам тавина аа гээд байгаа юм. Энэ хэний эрх ашиг вэ. Үүний цаана нүүрсээ зөөхөөс гадна Тавантолгой, Оюутолгойн ордыг дагасан бизнесийн бүх барааг өөрийнхөө төмөр замаар л тээвэрлэх гэж байгаа байхгүй юу. Цаад зорилго нь энэ.
-Арай үгүй байлгүй дээ. Харин ч төр засаг хувийн хэвшлээ хааж боогоод байна гэдэг мессеж хүчтэй байгаа?
-Үгүй, тэгвэл Гашуунсухайтын чиглэлд автозамаа бариад л нүүрсээ зөө л дөө. Ховдын Хөшөөтийн уурхайн хөрөнгө оруулагчид олборлолт явуулахаасаа өмнө сайн чанарын автозам барьчихсан. Тэрэн шиг экологио хамгаалсан автозамыг Гашуунсухайтын чиглэлд бариад нүүрсээ зөөх боломж нь нээлттэй ш дээ. "Энержи ресурс"-ийг хааж боосон юм ерөөсөө байхгүй. Харин заавал хилээ сэтэлж Хятадын дотоодын сүлжээтэй төмөр замаар холбогдох гээд байгааг л ойлгохгүй юм. Барилаа гэхэд энэ төмөр зам цаашид зөвхөн "Энержи ресрус"-ийнх байх нь ч эргэлзээтэй. "Улсад төмөр зам барих мөнгө байхгүй ш дээ" гэж төрөө даапаалсан ярилцлага өгөөд сууж байхын оронд, төдөн тонн нүүрс түүхийгээр нь зөөлөө гэж гайхуулахаасаа өмнө автозамаа барьж байгаль орчноо хамгаалах нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй ш дээ. Архийг нь монголчууд л авч, бензинийг нь монголчуууд л хэрэглэж, монголчууд л тэднийг мөнгөжүүлж байгаа биз дээ. Хэний хүчээр мөнгөтэй болсноо бодмоор юм. Анх лиценз авсан, одоо Гашуунсухайтын маршрутыг дэмжээд байгаа хүмүүс хэний хүчээр өнөөдрийн албан тушаалд очсоноо бодох хэрэгтэй. Эртэй бяртайдаа, эсвэл хаант засаглал шиг залгамжилж гарч ирээгүй. Ард түмний сонголтоор сонгуулиар эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон болсныгоо өөртөө болон хэсэг нөхөддөө давуу байдал болгон ашиглахын төлөө зүтгэж болохгүй. Өөрийг нь өнөөдрийн албан тушаалд сонгосон ард түмнийхээ төлөө ажиллах нь төрийн хүний үүрэг.
-Гэхдээ энэ хоёр маршрутын аль алинд хөршүүдийн маань сонирхол байгаа биз дээ?
-Үнэндээ хоёр хөршийн сонирхлыг бид нар авахгүйгээр ганцаараа явах бас хэцүү. Хоёр агуу том улстай хөршилддөг учраас тэднийхээ аль алиных нь сонирхлыг илэрхийлнэ. Тэр дунд Монголынхоо эрх ашгийг илүүд үзсэн бодлого хэрэгжүүлэх л ёстой.
-Удахгүй том Тавантолгойн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт болно. Тэдэнд төмөр замын тээвэр, маршрутын талаар ямар нэгэн болзол тулгах уу?
-Төрийн бодлогоор тодорхойлсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох шаардлагыг шалгуурын хэмжээнд тавина. Тавантолгойд орох гэж байгаа л бол түүний дэд бүтцэд хөрөнгө оруул гэнэ. Энэ бол бизнест байдаг л шаардлага. Тэр дэд бүтцийг ашиглаад хөрөнгө оруулагч ч өөрөө ашгаа олно шүү дээ.