Төр хувийн хэвшилтэй түншилнэ
Амралтын өдрийг ашиглан УИХ-ын гишүүн Н.Учрал программ хангамж үйлдвэрлэгч нартайгаа ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Салбарын бодлого, цаашдын төлөвлөгөө, зорилтоо ч танилцууллаа.
Төр хаалганы цаана өөрөө программ хангамж хөгжүүлэх гэж зүтгэдэг, үйлдвэрлэх гэж мөнгө зарцуулдаг байдлыг хална. Үйлдвэрлэгч нар нь хэдийн бүтээчихсэн бүтээгдэхүүнээ барин төрийн хаалттай үүдийг хэзээ дэмжих бол гэж сахин суудаг үе өнгөрсөн. Үйлдвэрлэгч нарт үүдээ нээж өрсөлдөх боломжийг ялгаварлалгүйгээр олгож, стандарт хангасан бүтээгдэхүүнийг дэмжин хамтран ажиллана. Төр хувийн хэвшилтэй түншилнэ.
Энэ бол харилцан ашигтай хамтын ажиллагаа. Төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж буй программ хангамжийн аливаа худалдан авалт нь оновчтой, хэмнэлттэй, нээлттэй, ил тод байх учиртай. Үүний тулд тодорхой стандартыг боловсруулж, түүнийг мөрдөнө. Төр нарийн мэргэжлийн ур чадвартай худалдан авагч болж хөгжинө. Зөв захиалга өгч зөв бүтээгдэхүүнээ худалдан авна. Нэг худалдан авагчид /төрд/ зориулсан бүтээл зардал өндөр тул нэгэнт бүтээгдсэн программ хангамжийг давхардуулан бүтээх шаардлаггүй. Стандарт хангасан, зориулалтад нийцсэн, шударга үнэлгээтэй дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг төр үйл ажиллагаандаа худалдан авах зарчмыг баримтална.
Салбарын үйлдвэрлэгч нараа дэмжихийн тулд татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хэлбэрээр үрэн таран хийхээс татгалзана. Стандарт хангасан хэнд ч нээлттэй боломж олгох “Үндэсний цахим дэлгүүр”-ийг бий болгож программ хангамж үйлдвэрлэгч нарыг урина. Байршуулсан бүтээгдэхүүнээс сонголт хийж төр худалдан авалт хийнэ. Олон улсад сурталчилна.
Төрийн хамгийн том дэмжлэг бол чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэсэн, нээлттэй тэгш боломжийг үйлдвэрлэгчдэд олгох явдал юм.
Салбарын хамт олны ойлголцол, дэмжлэг нь “шинэчлэл”-д чухал үүрэгтэй бөгөөд дэмжиж санал нэг байгаагаа илэрхийлсэн, санал зөвлөмжөө хэлсэн та бүхэндээ баярлалаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn