“Харгиа”-г хот мэдэлдээ авна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ тухай асуудлыг хоёр удаа авч хэлэлцсэний эцэст хотын мэдэлд байлгах нь зүйтэй гэдэг саналыг дэмжиж, НИТХ-аар асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн харъяанд 1972 онд байгуулагдсан арьс шир болосвруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж нь ЗХУ-ын техник, технологиор механик цэвэрлэгээ хийдэг байсан бөгөөд 1975 онд өргөтгөл хийснээр химийн болон механик цэвэрлэгээ хийх хүчин чадалтай болсон байна.
Гэвч арьс ширний үйлдвэрлэлийн салбар уналтад орж, түүхий эдийг боловсруулахгүйгээр экспортолж байсан 1990-2000 онуудад тус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, бүрэн ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс шугам хоолой, тоног төхөөрөмжүүд нь элэгдэлд орж, хуучран зохих түвшинд технологийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, улмаар Туул гол орчмын байгаль орчны бохирдол ихсэх, хотын хүн амын усны стандарт зөрчигдөхөд хүрээд байгаа юм.
УСУГ-аас сүүлийн 3 жилийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд тус урьдчилан цэвэрлэх байгууламжийн усны бохирдол төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх зөвшөөрөгдсөн нормоос 6-12 дахин их гарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монголын арьс ширний холбоо/МАШХ/, Харгиа ХК-ийн удирдлагуудыг оролцуулан 7 удаа хуралдаж асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан ажлын хэсэг Баянгол, Хан-Уул дүүргүүдэд байрлах арьс шир боловсруулах болон Харгиа ХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 10 дугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг МАШХолбоо, Харгиа ХК-ийн удирплагууд болон арьс шир үйлдвэрлэгчидтэй уулзаж хэлэлцсэний үр дүнд урьдчилан цэвэрлэх байгууламжтай холбоотой тоног төхөөрөмж, байшин барилга, талбайг нийслэлийн өмчид шилжүүлж авах талаар тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, протоколийг ирүүлжээ. Тус урьдчилан цэвэрлэх байгууламжийн урсгал засварын ажилд гэхэд л 700 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд Нийслэлийн ИТХ-аар асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа тус цэвэрлэх байгууламжтай хамтран ажилладаг үйлдвэрүүдийг оролцуулсан зөвлөлгөөн зохион байгуулж, цаашид хийх хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ хотын мээр зөвлөлийн хурлын төгсгөлд онцлон тэмдэглэсэн байна.