Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцье” гэв
2022.11.04

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцье” гэв

(2022.11.04)-нд Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит бус хурал болов.

Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос тус хороог хуралдуулах тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн. Учир нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн 4.1-т “Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ” гэж заасны дагуу ХНХ-ын яаманд хандаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр хийх саналыг тавьж, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлыг хуралдуулахыг хүсч байсан юм. Хуралд ХНХЯ, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны төлөөлөл 20 гаруй хүн оролцов. 

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат

“МҮЭ-ийн холбооноос 2023 оны улсын төсөвт хамтын гэрээ, хэлэлцээрт заагдсан цалин хөлс, орлогыг инфляцтай уялдуулж нэмэгдүүлье гэсэн холбогдох зургаан саналыг хүргүүлсэн. Яагаад гэвэл ирэх 2023 оны төсөвт нийт ард иргэд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хүртээмжтэй байх хүлээлттэй байгаа. МҮЭ-ийн холбооны тавьж байгаа гол зарчим бол хүн бүрийн цалин хөлс, орлогыг инфляцын түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юм.

Өөрөөр хэлбэл худалдан авах чадварыг нь ядаж хадгалах хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх амлалтыг шаардаж байгаа юм. Тийм учраас төсвийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдлийн багцыг нэмэгдүүлэхдээ инфляцтайгаа уялдуулах, шударга нэмэгдүүлэх зарчмыг Үндэсний хороогоороо зөвшилцөж ижил, хүртээмжтэй байх байдлаар нь төсвийн төсөлд тавьж шийдвэрлэх нь чухал байна.

Ер нь инфляцаа давсан цалингийнхаа тохируулгыг хийчихээд тэрний дараа бүтээмжээс хамаарсан урамшуулал, цалингийн үр дүнгийн тогтолцоо гэдэг зарчмаар явдаг онолтой.Тийм учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллага асуудлуудаа ярилцаад, ойрын хугацаанд төсөв батлахаас өмнө саналаа тусгахын төлөө тууштай ажиллана” гэж хэллээ.

Харин  ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “2023 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний талаар” танилцуулж, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар 2023 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар санал байр сууриа танилцуулсан юм.  Энэ үеэр ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос МҮЭ-ийн холбооны хүргүүлсэн нэгдсэн санал байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Харин ХНХ-ын сайд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дарга Т.Аюурсайхан “Засгийн Газрын төлөөллийн зүгээс төсвийн төсөлд тодорхой боломжуудын талаар танилцуулсан.

Ирэх жилийн төсөвт 287.5 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд төсөвлөж УИХ-аар хэлэлцэж байна. ХНЗ-ийн гурван талт Үндэсний хорооны хурлаар Төрийн албан  хаагчийн цалингийн нэмэгдлийг ялгаа гаргахгүйгээр хуваарилах саналуудыг дахин хуралдаж хэлэлцье.

Төрийн хяналтын хуульд бусад нэмэгдэл, урамшуулал, шагнал олгохыг хориглодог. Гэтэл Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжоор заасан нэмэгдэл, шагнал, урамшууллыг “Энэ хуулийг далимдуулаад буруу хэрэгжүүлээд олгохгүй байна” гэсэн санал, мэдээллүүдийг холбогдох эрх бүхий субъектээс тодруулах чиглэл өгч ажиллана” гэв.