Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьлаа
2022.09.15

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьлаа

Өнөөдөр МҮЭХ-оос 2023 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барьж хэлэлцэх гэж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд эрүүл мэнд, авто зам, боловсрол, барилга, хувийн хэвшлийн салбарын төлөөллүүд оролцсон юм.

Монгол ардын намын хөтөлбөрт:

Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулснаар алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар зээлийн бодлогоор дэмжинэ. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг хамгаалах, бага хүүтэй зээл олгох, зээлийн хүүг бууруулж сарын 1 хувиас хэтрүүлэхгүй байх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг татвар, зээлийн бодлогоор дэмжинэ” гэж тусгасан.

Гэвч иргэдийн цалин, орлого нэмэгдээгүй, инфляци 30-40 хувьд хүртэл өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа юм. Тиймээс МҮЭ-ийн холбоо 2023 оны төсөвт “Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх” саналыг тусгажээ.

Ингэхдээ УИХ-ын гишүүд тойрогтоо хуваарилж буй 4 тэрбум төгрөг /нэг гишүүнд 4 тэрбум буюу нийт 304 тэрбум/-өөс татгалзвал иргэд, хөдөлмөрчдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

МҮЭХ “Цалин хөлсний хэлэлцээр”-ийг өнгөрсөн 4-дүгээр сард Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тавьсан. Цалин хөлсийг доод тал нь 20 хувиас доошгүй нэмэхгүй бол хүмүүсийн бодит орлого инфляциас доогуур түвшинд хүрлээ. Ард түмэн амлалтаа нэхэж эхэллээ. Монгол улсад цалин, хөлс нийгмийн хамгааллын шинэ сэргэлтийн бодлого тодорхой байх ёстой гэдгийг бидний зүгээс шаардаж байна.

Хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах хүнгүй, залуучууд гадаад орныг ихээр зорьж байна. Энэ нь цаашдаа ажиллах хүчгүй болох аюултай учраас иргэдийнхээ цалин, хөлс нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд бодитой арга хэмжээ авах нэн шаардлага тулгараад байна. Мөн ирэх жил цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ хэдэн хувиар яаж нэмэх вэ, ажлын байраа нэмэгдүүлэх чиглэлд хэдэн төгрөг хуваарилах талаар төсвөө тодорхой байлгах хэрэгтэй" гэв.

Улсын их хурлаар 2023 оны улсын төсвийн төслийг авч хэлэлцэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажлын байрыг тогтворжуулах, үнэ ханшийн өсөлтийг бууруулах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.