“IELTS-600” төсөлд хамрагдсан сурагч, багш нар олон улсын сертификат гардан авлаа
2022.11.18

“IELTS-600” төсөлд хамрагдсан сурагч, багш нар олон улсын сертификат гардан авлаа

Хүүхэд бол Монгол Улсын ирээдүй. Дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхан олон улсын өндөр зэрэглэлийн боловсролыг эзэмшихэд англи хэлний мэдлэг хамгийн чухал.

Монголын ирээдүйг гэрэлтүүлэх, боловсролтой иргэн бэлтгэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн санаачилгаар 2 жилийн өмнө дүүргийн аравдугаар ангийн шилдгийн шилдэг сурагчдыг шалгаруулж, үнэ төлбөргүй англи хэлний сургалтад хамруулсан. Үүний үр дүн гарч багш, сурагчид сургалтаа амжилттай төгслөө.

Олон улсын шилдэг 100 их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилготой “IELTS-600” төслийг “Сантис” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ төрийн өмчийн 23 сургууль тус бүрээс шилдгийн шилдэг 67 сурагчдыг сонгон шалгаруулж, сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох сорил шалгалтыг зохион байгуулсан юм.

Тус сорил шалгалтын үр дүнд нийт 25 сурагчид шалгарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сантис боловсролын төвтэй суралцах гэрээ байгуулан 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээ гардан авч байсан нь саяхан.

Хоёр жилийн хугацаанд сургалтад сууж амжилттай төгссөн сурагчдын хэлний мэдлэгийн түвшин хоёр шат ахиж, Англи хэлээр чөлөөтэй уншиж, ярьж, бичиж чаддаг болсон нь гол зорилго байлаа.