“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган зохион байгуулагдлаа
МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган зохион байгуулагдаж байна.Сурвалж материал бүрдүүлэх, судлан шинжлэх мэдлэг бүтээх, соён гэгээрүүлэх үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэж буй албан хаагч та бүхэнд анхдугаар чуулганы мэнд дэвшүүлж, амжилт хүсье.
Түүхийн арвин мөртэй ард түмэн архивын баялаг сантай байх нь дамжиггүй. Монгол төр бодлогын төвшинд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч онцгой анхаарч байна. 95 жилийн түүхтэй Монголын архивын ирээдүй мэдээллийн технологид суурилан хөгжин шинэчлэгдэх ажил үргэлжилж байна. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд улс, үндэстний хэмжээний чухал, үнэ цэнтэй бичиг баримтуудын 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалаад байна.
Мөн төрийн мэдээллийн e-mongolia системээр дамжуулан 10 төрлийн архивын лавлагааг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид тоон гарын үсгийн хэрэглээг архив, албан хэрэг бүртгэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Цаасан суурьтай баримтаас цахим суурьтай архивын сан бүрдүүлж цахим архивыг цогцоор нь бий болгоход ЦХХХ-ны сайдын хувьд онцгой анхаарч ажиллах болно.
Мөн Монголын ард түмний “Угийн бичиг” хөтлөх эртний уламжлал алдагдсанаас үүдэн цус ойртох аюул үндэсний аюулгүй байдалд занал хийх төвшинд хүрч байгааг эрдэмтэд анхааруулсаар байна. Иймд Монгол өрх бүр “Угийн бичиг” хөтлөх үйл хэргийг өрнүүлэх учиртай юм. Орчин цагт нийцсэн угийн бичгийн цахим шийдлийг бүтээсэн “Удам” төсөл угийн бичгээ хөтөлж удмын түүхээ үлдээх боломжийг иргэдэд олгож байна. ЦХХХЯ UDAM.MN мэт шаардалагатай төслүүдийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
МУ-н Засгийн газраас баталсан урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа 2050”, Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн чухал хэсэг нь архив, албан хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах явдал бөгөөд албан хаагчид бүхнийг дэмжин хамтран ажиллахыг хүсье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn