Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд
2010.01.03

Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд

Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ

Манай гаригийн өнцөг булан бүрт суугаа Монгол улсын иргэд ээ!

Эх орон нэгт ахан дүүс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2009 он манай орны хувьд төдийгүй олон улсад хүнд хэцүү, сорилтын жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай оронд ч хүчтэй нөлөөлж, эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл, бэрхшээл учрууллаа. Гэвч манай төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хямралыг сөрөн хамтран ажилласны дүнд багагүй амжилт оллоо. 2009 онд манай тариаланчид 390 орчим мянган тонн үр тариа, 150.5 мянган тонн төмс хурааж авсан нь дотоодынхоо хэрэгцээг бараг хангах нөхцлийг бүрдүүллээ. Баатарлаг малчид маань эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 43 гаруй саяд хүргэлээ.

Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай цаашид эрчимтэй хөгжих замд орлоо. Дэлхийд томоохонд орох Оюутолгой зэсийн ордыг ашиглах гэрээг 2009 оны намар гадаадын хөрөнгө оруулагчидтай байгууллаа. Цаашид нүүрс, уран, мөнгө зэрэг эрдэс баялгийг ашиглах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.
Тус яам “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, 2009 оны 10 сард Засгийн газраар батлуулсан бөгөөд цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өсгөх чиглэлээр идэвхитэй ажиллах болно.

Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. Энэ түүхэн богино хугацаанд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагийн дүнд манай орны олон улсын нэр хүнд өсөж байгааг тэмдэглэхэд таатай байна. Үүний хамт гадаадад ажиллах, сурах манай иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдүгээ 120 мянгад хүрчээ. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь манай гадаад бодлогын нэн тэргүүний чиглэл болж байна.

Монгол улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын зөвлөгөөнийг 2008 оны эцсээр, Монгол Улсын өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 9 сард тус тус зохион байгуулж, хилийн чанадад суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар 35 дипломат төлөөлөгчийн газар, 38 оронд байгаа 66 өргөмжит консултай тодорхой ярилцаж, хийх ажлаа төлөвлөлөө.

Гадаадад суугаа манай ДТГ-ууд иргэдийнхээ судалгаа бүртгэлийг бүрэн гаргаж, ахуй нөхцлийг нь судалж, ажлын газар, сургуулийн удирдлагуудтай нь холбоо тогтоох, иргэдийг хүлээн авах тусгай өдөртэй болох, иргэдийн санал хүсэлтийг шуурхай барагдуулж байхыг би саяхан гаргасан албан даалгавартаа тодорхой заасан.

Мөн гадаад орнуудад суугаа манай улсын иргэд, оюутан сурагчид, эрдэмтэд, уран бүтээлчид, бизнес эрхлэгчидтэй байнгын холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох, улс эх орноо сурталчлахад татан оролцуулах, тэдний сургалт судалгаа, уран бүтээл, бизнесийн ажилд аль болох дэмжлэг тусламж үзүүлж байхыг ДТГ-даа бас үүрэг болгосон.

Иймд иргэд та бүхэн суралцаж, ажиллаж, амьдарч байгаа орондоо суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон өргөмжит консулуудтай байнгын холбоотой байж эрх зүйн болон бусад туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулан, санал бодлоо илэрхийлж, харилцан бие биендээ тусалж, хамтран ажиллахыг хүсч байна.

Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ажиллаж байна.

Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс 16 улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулан мөрдөж байна. Цаашид харилцан визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хүч чармайлтаа тавин ажиллаж байгаа бөгөөд зарим тодорхой үр дүн 2010 оноос гарна гэж найдаж байна.

Хилийн чанадад суугаа манай иргэдэд суугаа орныхоо хөгжил, дэвшлийн ололт амжилтыг анхааран судалж, тэргүүний арга туршлага, ноу-хау, орчин үеийн стандарт, шалгуурыг эх орондоо шилжүүлэн хэрэгжүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад хэрэгтэй шинэлэг санаа, оноог уламжлан дэвшүүлж байхыг хүсье.

Та бүхэн улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө байнга санаа тавьж, сурсан эрдэм, олсон туршлагаа эх орондоо харамгүй зориулах хүсэл эрмэлзэл дүүрэн явдагт бид их баяртай байдаг бөгөөд цаашид та бүхний хувь нэмэр, тус дэм улам өсөн нэмэгдэнэ гэж итгэж байна.
Та бүхнийг байнгын холбоо, харилцаатай байж, санал хүсэлтээ тогтмол уламжлан бидэнтэй хамтран ажиллахыг би Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд уриалж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.
Та бүхэндээ эрүүл энх, эрч хүч, олз омог дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын гишүүн
Засгийн Газрын гишүүн
Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.