Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид саналаа солилцов
Уулзалтад Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат Л.Дашням, Б.Мижид, Д.Мандах, Б.Сандуйжав, Д.Баяндалай, Ө.Ганхуяг, Ч.Бавуудорж болон одоогийн парламентад суугаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Алтай, С.Баярцогт, Д.Балдан-Очир нар оролцов.
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Б.Мижид холбооныхоо зорилго чиглэл, үйл ажиллагаанаас эхлээд товч танилцуулав. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын 430 депутатаас эдүгээ 325 нь амьд сэрүүн байгаа аж. Тиймээс Монголд ардчилсан шинэ төрийг төвхнүүлж, байнгын ажиллагаатай парламентыг үүсгэн байгуулахад хүчин зүтгэж ирсэн, жил ирэх тусам тоо нь цөөрсөөр байгаа эдгээр хүмүүсийн гавьяа зүтгэлийг хөхиүлэн дэмжих үүднээс “Ардчилсан Үндсэн хууль тогтоогч” гэсэн хүндэтгэлийн тэмдэг бий болгох, мөн тэтгэвэрт байгаад нь сар бүр зохих хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлэх талаар төрөөс анхаарч туслахыг тус холбооныхон санал болгосныг уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд дэмжихээ илэрхийлж байлаа.
Уг уулзалтад оролцсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулснаа дуулгаад ийм хууль гаргаж байж Үндсэн хуулиа хөндөх эсэх асуудлыг авч үзэх нь зүйтэй гэсэн зарчмыг УИХ баримталж байгааг онцлов. Тэрбээр шинэ Үндсэн хууль тогтоогчдын холбооноос гаргасан саналыг дэмжээд “шинэ Үндсэн хууль батлалцсан бүх хүнд ялгах тэмдэг хийлгэж өгч болох юм. Тэгвэл УИХ-ын дарга захирамж гарган уг тэмдгийн загварыг баталж, зардлыг нь шийдүүлэх талаар Засгийн газартай ярилцаж болох юм. Харин мөнгөн тэтгэмжийн тухайд асуудлыг хуулийн дагуу авч үзэх нь зүйтэй юм” гэлээ.
Уулзалтад оролцсон Үндсэн хууль тогтоогчид энэ талаар саналаа солилцоод хүндэтгэлийн тэмдэг бий болгож шинэ Үндсэн хууль батлалцсан бүх хүнд гардуулах, тэтгэвэрт гарсанд нь сар бүр зохих хэмжээний мөнгөн тэтгэмж олгох саналаа эхлээд тус холбооны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах нь зүйтэй гэж тогтов.
Мөн тэд Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан, түүнчлэн ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд одооноос бэлтгэж өргөн тэмдэглэж өнгөрүүлэх, шинэ Үндсэн хуулиа анхны нь үзэл баримтлал, батлагдсан эхээр нь дагаж мөрдөхийн төлөө тууштай байх, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдийн ажлын дадлага туршлага, хүч бололцоог хууль тогтоох үйл ажиллагаанд ашиглах, дурсамж дурдатгалыг нь авч үлдээхэд анхаарах зэрэг олон чухал санал хэлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.