Хуванцрын бохирдолтой тэмцэхэд улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэнэ
2022.12.06

Хуванцрын бохирдолтой тэмцэхэд улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэнэ

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Уругвай улсын Пунта дел Эсте хотноо “Хуванцрын бохирдолтой тэмцэх асуудлаарх олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээ”-ний анхдугаар хурал боллоо.

160 гаруй улсын Засгийн газрын төлөөлөл оролцсон Засгийн газар хоорондын хэлэлцээний энэхүү анхдугаар хурлаар баримт бичгийн хамрах хүрээ, зорилго, зохицуулалт, үүрэг хариуцлагын талаар хэлэлцэж нэгдсэн хуралдаан, бүс нутгийн уулзалт, оролцогч талуудын хэлэлцүүлэг зэрэг хэлбэрээр зохион байгуулагдав. Хурлын нээлтэд зохион байгуулагч орон болох Уругвай улсын Ерөнхийлөгч Луис Лакаллэ оролцож, хэлсэн үгэндээ хуванцар бохирдлын асуудлаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй болохын ач холбогдлыг дурдаад хуванцрын байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн боловсрол, улс орнуудын тэгш бөгөөд хариуцлагатай оролцоо чухал болохыг онцлов. Түүнчлэн Уругвай улс байгаль орчныг хамгаалахад зориулан 1,5 тэрбум ам.долларын бонд гаргасан, эдийн засгийн хөгжил байгаль орчныг хамгаалах асуудлын тэнцвэрийг хангах нь чухал гэдгийг тэмдэглэв.

Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал хатагтай Ингра Андерсон нээлтийн үгэндээ Засгийн газар хоорондын хэлэлцээний хорооны анхдугаар хуралдаанд гишүүн улс орнууд, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, ажиглагчид нийт 2300 гаруй төлөөлөгчид оролцож байгаа нь хуванцрын бохирдол, хаягдал дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болохыг нотолж байгааг цохон тэмдэглэв. Нэгдсэн хуралдааны үеэр улс орнууд өөрийн байр суурийг илэрхийлж үг хэлсэн ба БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нэгдсэн хуралдаанд оролцож байна. Тэрбээр хуралдааны үеэр хэлсэн үгэндээ хуванцар хаягдлыг дахин боловсруулах тогтолцоо, түүнийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг бий болгох, олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичгийг боловсруулан гаргахдаа улс орнуудын харилцан адилгүй нөхцөл байдлыг харгалзан үзэх нь чухал гэдгийг онцолж байв.

Анхдугаар хуралдааны явцад улс орнуудаас гаргасан саналд тулгуурлан боловсруулсан төслийг ирэх оны 5 дугаар сард Парис хотноо зохион байгуулах 2 дугаар хуралд танилцуулна.

Хурлын өдрүүдэд хуванцрыг дахин боловсруулах, хэрэглээг бууруулах технологийн шийдлүүдээс танилцуулж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар салбар хэлэлцүүлгүүд явагдав. Олон улсын зүгээс хамтын хүчин чармайлт гаргахгүй аваас хуванцрын үйлдвэрлэл 2060 он гэхэд одоогийнхоос 3 дахин өсөх хандлагатай байна. Манай улс хуванцар болон бусад төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 2025 онд 30 хувь, 2030 онд 40 хувьд хүргэх зорилттой.й

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn