Манай улсад 2009 онд дараах өсөлтүүд гарчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2009 оны урьдчилсан гүйцэтгэлийн тоймыг сэтгүүлчдэд мэдээллээ. Уг мэдээллийг ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг, Шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нар хийв.
Хүн ам 1990 оноос хойш хамгийн ихээр өслөө
Монгол Улсын хүн амын тоо 2009 оны урьдчилсан дүнгээр 2736,8 мянга болж, өмнөх оныхоос 53,2 мянган хүн буюу 1,98 хувиар өслөө. Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 68544 эх амаржиж, өмнөх оныхоос 5457 эхээр нэмэгджээ. Хүүхдийн төрөлт ч өсөж. 68762 хүүхэд төрсөн нь 5500 хүүхдээр илүү байна. Нэг хүртэлх насандаа 1386 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 146 хүүхэд, 56 эхийн эндэгдэл илүү гарчээ. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оныхтой адил байв. Ямартай ч хүн ам маань 1990 оноос хойш хамгийн ихээр өссөн нь 2009 он байлаа гэж статистикийнхан онцлов.
Ажилгүй хүн нэмэгдэв
Ажиллах хүчний судалгаагаар нийт 119,0 мянган иргэн байгаа тооцоо гарсан байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр ,халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/-т бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо 12 сарын эцэст 38,1 мянга болж, өмнөх оныхоос 8264 хүнээр нэмэгджээ. Ажилгүйдлийн энэхүү өсөлтөд Төв /431/, Өвөрхангай /453/, Дархан-Уул /482/, Ховд /483/, Баянхонгор /696/, Завхан /699/, Увс /848/, Булган /1827/, Улаанбаатар /1350/ аймаг, хот тэргүүлсэн нь нөлөөлжээ.
2009 оны жилийн эцсийн байдлаар 75,6 мянган ажилгүй иргэд шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 51,7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 15,8 мянган иргэн ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа нь ажиглагдав.
Хэрэглээ үйлчилгээний үнэ өсөв
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 6055,8 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 3564,3 тэрбум төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад оны үнээр 0,6 хувиар өсөж, зэрэгцүүлэх үнээр 1,6 хувиар буурч байна.
ДНБ-ий /зэрэгцүүлэх үнээр 1,6 хувийн бууралтад өмнөх оны бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 26,6 хувь, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагааны салбарынх 20,4 хувь, барилгын салбарынх 48,8 хувь, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 16,6 хувь тус тус буурсан нь голлон нөлөөллөө.
Банкны чанаргүй зээл ихэслээ
Инфляц 22 хувьтай байна. Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт оны эцэст 2880,0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 164,8 тэрбум төгрөг буюу 6,1 хувиар, 2008 оны 12 дугаар сартай харьцуулахад 610,0 тэрбум төгрөг буюу 26,9 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 12 дугаар сарын эцэст 371,8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7,9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35,4 тэрбум төгрөг буюу 8,7 хувиар буурчээ.
Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2655,0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 23 тэрбум, өмнөх оны 12 дугаар сарынхаас 19,4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 121,7 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4,6 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 44,7 тэрбум төгрөг, өмнөх 12 дугаар сарынхаас 28,4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 462,0 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 17,4 хувийг эзэлж, байгаа нь өмнөх сарынхаас 5,9 тэрбум төгрөг буюу 1,3 хувиар, өмнөх 12 дугаар сарынхаас 273,3 тэрбум төгрөг буюу 2,4 дахин нэмэгдсэн байна.
Үр тариа ахицтай байлаа
Улсын хэмжээгээр 391,7 мянган тонн тариа, 151,2 мянган тонн төмс, 78 хүнсний ногоо хурааж, 893,4 мянган тонн өвс, хадлан бэлтгэсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад хураасан үр тариа 178,8 мянган тонноор өсөв. Төмс 16,4 мянгаар, хүнсний ногоо 6 мянган тонноор өссөн. Харин өвс хадлан, гар тэжээл бага бэлтгэсэн байна. Малчид үүнийхээ горыг амсаж байна.
Аюулт үзэгдэл 2640 удаа гарчээ
ОБЕГ-ын мэдээгээр аюулт үзэгдэл, осол 2009 онд 2460 удаа гарчээ. Үүний улмаас 9,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 248 хүн амь насаа алдаж, 990 гэр орон, орон сууц шатаж, 334,3 мянган мал үрэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь авч үзвэл, ой хээрийн түймэр 120 удаа, обьектын түймэр 2165 удаа, хүчтэй салхи, шуурга, хүйтэн бороо 15 удаа,аадар, үер 10 удаа, боом өвчний 18 тохиолдол гарчээ.