Хөдөөд 36 хувь, хотод 44 хувь нь ядуу
2010.01.11

Хөдөөд 36 хувь, хотод 44 хувь нь ядуу

Засгийн газраас нийгмийн халамжийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын тухай тэрээр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад Засгийн газрын танхимын гишүүн, НХХ-ийн сайд Т.Ганди хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Батбаяр: Халамжаар бус хөдөлмөрөөрөө амьдрах боломжийг иргэддээ олгох ёстой. Гэтэл үүнд бидний популист амлалт саад болж байна. Бид ард түмэндээ нөгөө амласан мөнгөө өгч чадахгүй нь гээд уучлалт гуйгаад, оронд нь өгч чадах юмаа л хэрэгжүүлье.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
Иргэдийг элдэв халамжаас татгалзах, хөдөлмөрөөрөө амь зуух гэдэг дээр НХХ-ийн яам ямар бодлого барьж байна вэ. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгуулах чиглэлд бодлогын чанартай юу хийх вэ. Хүүхдийг багаас нь хөдөлмөрийн зөв зан үйлд төлөвшүүлэх талд хэрхэн анхаарч байна вэ. Түүнчлэн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал бас байна.

НХХ-ийн сайд Т.Ганди: Үзэл баримтлалын чиглэлийн асуудал дээр санал нэг байна. Халамжаа багасгах гэдэг дээр би сайдын хувьд санал нэгддэггүй юм. Өнөөдөр халамжийг хүртэх ёстой хүмүүс нь хүртэхгүй байна. Яг авах ёстой, хэрэгтэй иргэдэд нь халамжийг хүргэх асуудлыг харин боловсронгуй болгох хэрэгтэй байх. Хөдөлмөр эрхлэлтийг боловсронгуй болгох талд анхаарал хандуулж байна гээд зарим нэг ажлаасаа дурдлаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Халамжийн үйлчилгээг дотор нь ангилж, юуг нь яаж багасгах, нэмэгдүүлэх вэ гэдэгт тодруулга хүссэн.

Т.Ганди: Өөрийгөө аваад яваад байгаа дундаж амьдралтай хүмүүсийг ямар нэг байдлаар доош нь түлхэхгүй байх. Энэ хүмүүс 16 хувийг эзэлдэг. 44 хувь буюу төсвийн мөнгөнөөс халамж авч буй хүмүүсийг стратегийн хувьд цааш дэмжин авч явах нь зүйтэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хүний хөгжлийн сан гэдгийг хүнээ хөгжүүлэх тал руу нь чиглүүлье, зүгээр л мөнгө тараагаад байж болохгүй. Шинэчилсэн хуулийн төсөлд 62 төрлийн халамжийг багасгана гэж байгаа ч чанарын өөрчлөлт харагдахгүй байна. Ядуурал буурахгүй байгаа. Халамж авч буй иргэдийн амьдралын чанарт дэвшил гарч байна уу?

Т.Ганди: Хууль гарснаар үр дүн тийм амар харагдахгүй. Халамжийн хуулийн өөрчлөлтүүдийг аажмаар явуулж шийдэх нь зүйтэй юм. 

Н.Ганбямба: Халамжийн мөнгө ерөөс үр дүнд хүрэхгүй байна. Халамжийн хуулийг шинэчлээд ч ядуурал буурахгүй байгаа. 200 гаруй мянган хүн өнөөдөр ажилгүй байгаа. Статистик тоо баримтад жил бүр нэг л адил тоо гараад байдаг.

Т.Ганди: Өнөөдөр ямар хүнийг ядуу гэх вэ, ямар иргэнийг баян гэх вэ гэсэн тооцох механизм хараахан алга. Гэхдээ өрхийг дэмжих бодлогоор энэ чиглэлд хийж буй зүйл байгаа.

УИХ-ын гишүүн Д.Арвин: Улсын хэмжээнд нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс хэд байна вэ?

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Өнөөдөр Монголд ямар хүнийг ядуу гэж үздэг аргачлал байна вэ. Аргачлалаа хэрхэн тооцож гаргадаг вэ?

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ажил хийлгээд иргэдэд өдөр өдөрт нь мөнгийг нь өгдөг ажил хэр үр дүнтэй байгаа вэ. Тэгшитгэн тарааж буй халамжаас татгалзах бодлого хэзээ орж ирэх вэ. Ядуу, нэн ядуу гэдгийг яаж салгаж байгаа вэ?

Т.Ганди: Ер хэрэглээний сагсанд багтаж буй бүтээгдэхүүний эдийн засгийн ерөнхий аргачлалын томъёолол үйлчилж байгаа. Ерөөсөө ажилгүй мөртлөө амьдраад яваад байгаа хүн их байдаг гэж гаднын судалгаа харуулдаг. Бүсийн ялгаатайгаар амьжиргааг тооцох хэрэгтэй л дээ. Өмнөх тооцоогоор хүн амын хөдөөд 36 орчим хувь, хотод 44 шахам хувь нь ядуу гэсэн нэг тоо бий.

Ядуу хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэгт Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны аргачлалаар хэрэглээний сагсанд хийсэн тооцооллын дагуу үнэлгээ хийж, үүнийгээ боловсронгуй болгохоор манай яам ажиллаж байгаа.

Энэ мэтчилэн гишүүд нийгмийн халамжийн үр ашиггүй зардлаас татгалзах, багасгах, халамжийг авах ёстой иргэдэд нь өгөх гэсэн санал бүхий асуултыг сайдад нэлээд тавьж байлаа.

Түүнчлэн иргэдийн бичил бизнесийг дэмжих, тэднийг ажилтай болгоход хэрхэн анхаарч байгааг сонирхож байсан.

Засгийн газар 60 мянган өрхийг ядуурлаас гаргана гэсэн зорилт тавиад үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд 4 хувааж үйл ажиллагаа явуулахад 80 хувь зорилт маань хэрэгжинэ гэж Э.Мөнх-Очир гишүүний асуултад сайд Т.Ганди хариулж байсан.

Харин Оюутолгойтой холбоотой ажлын байрны асуудлаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт танхимд орж ирэн хариултыг өгсөн.

С.Оюун гишүүн хэлэхдээ, нийгмийн халамжийн шинэчлэлийн чиглэлээр орж ирж байгаа бодлогыг дэмжиж байгаа ч улс төрийн сонгуулийн амлалттайгаа зөрчилдөөд байна. Тэгээд нөгөө хүүхдийн мөнгө энэ тэр чинь хэмжээ нь буурчихлаа. Тэгэхээр нийгмийн халамжийг цөөлөх зөв бодлого чинь зөрчилтэй болоод байна. Яаж үүнээсээ тэгээд гарах вэ хэмээн Шадар сайд М.Энхболдоос асуусан.

Шадар сайд хариулахдаа, иргэд биднийг хүлээж байгаа, бид ч амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэж байсан. Амласнаа биелүүлэх нь илүү чухал гэж тэрээр хэлж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.