“Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт гурван талт уулзалт боллоо
2023.01.17

“Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт гурван талт уулзалт боллоо

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд. Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд нэг бус байсаар байгааг эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд хэлж байгаа юм.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2022.01.16) Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, бүх шатлалын эмнэлгийн төлөөлөл болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, төлөөллийг оролцуулсан гурван талт уулзалтыг зохион байгууллаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин уулзалтын эхэнд “Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болж, түүнийг дагаж санхүүжилтийг нь олгодог болох тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж, хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэнэ гэж энэхүү шинэчлэлийг хийсэн. Гэвч хэрэгжилтийн явцад асуудал тулгамдаж байгааг Байнгын хорооны гишүүд, эмнэлгийн төлөөллүүд ярьсаар байгаа. Тиймээс өнөөдрийн уулзалтаар гүйцэтгэлийн санхүүжилтэд тулгамдаад байгаа асуудлуудыг тодорхой болгох нь зүйтэй” хэмээлээ.

Эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд эрүүл мэндийн салбарын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилт олгож байгаа нь маш зөв ажил болсон, дэмжин ажиллахад таатай байгаа хэдий ч зарим алдаа дутагдал байгааг дурдлаа. Жишээлбэл “E-Hospital” сайтад зарим өвчний онош байдаггүй, эмчилгээ үйлчилгээний үнэлгээ хангалттай бус, шууд болон шууд бус зардлын тооцоолол нь амьдралд нийцэхгүй зэрэг асуудлууд байгааг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Бид гүйцэтгэлийн санхүүжилтийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хүнээ, эмч, эмнэлгийн ажилчдаа дэмжиж, эмнэлэг, эрүүл мэндийн салбарыг шинэ түвшинд хүргэх зорилготой хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан асуудлуудыг хэлэлцэж, сайжруулаад явах ёстой. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газар, Сангийн яам болон холбогдох газруудтай хамтран ажиллаж өнөөдөр яригдаад байгаа асуудлуудын шийдлийг олох нь зүйтэй. Хууль эрх зүйн хувьд, санхүүжилтийн хувьд засаад явах бололцоо байгаа гэж харж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Программ хангамжийн холбоотой асуудлыг засаж шинэчлэх зайлшгүй шаардлага харагдаж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудал дээр болж байгаа нь байна. Болохгүй байгаа нь ч байна. Бид энэ тал дээр судалгаа хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид ярилаа. Ойлголтоо нэгтгээд засаж, шинэчлэх зүйлсээ хийгээд цаашаа явах ёстой” хэмээв