Афганистан улсын нөхцөл байдлыг хэлэлцэж бодлого тодорхойлох бага хуралд сайд явлаа
Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НАТО-ийн тэргүүн А.Ф.Расмуссен, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай болон Афганистаны сэргээн босголтын үйл явцад оролцож буй эвслийн 43 орны төр засгийн удирдлагууд оролцоно.
Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Афганистан улсын нөхцөл байдлыг хэлэлцэж бодлого тодорхойлох энэхүү бага хуралд Монгол Улсыг оролцохыг зохион байгуулагчид урьсны дагуу Батлан хамгаалахын сайд Л.Болд уг хуралд оролцохоор явлаа. Афганистан дахь АНУ-ын тэргүүлсэн эвслийн орнуудын “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа болон НАТО-ийн Аюулгүй байдлыг тогтворжуулах ажиллагаанд цэргийн багаа илгээж дэлхийн нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж буйн хувьд Монгол Улсын байр суурь чухал нөлөөтэй байх юм.
Бага хурлын хүрээнд дараах таван чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд: Аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэмэгдүүлэх, засаглалын тогтолцоог сайжруулж, авилгыг багасгах, энх тайван, эв нэгдлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг нягтруулах зэрэг орох юм.