Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 23,4 тэрбум төгрөгийн  бүтээн байгуулалт өрнөж байна
2023.02.06

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 23,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөр иргэдээ сонсох уулзалтын хүрээнд тойргийн гишүүдээ төлөөлөн аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарын хамт Өмнөдэлгэр сумын 120 гаруй иргэд, төрийн албан хаагчидтай уулзлаа.

Өмнөдэлгэр сумын иргэд Жаргал нуур, Цагаан хадыг түшиглэн эмчилгээ, сувилгааны газар байгуулах, Баянзүрх багт цас зуд хүндэрсэн. Малчид цасанд боогдсон байхад хандивын аян зарлаж зам нээсэн. Хөдөөгийн малчид тэжээл, бэлчээрийн хомсдолд орсон. Сумаас авч хэрэгжүүлж бгаа арга хэмжээ алга. Өвөлжөөндөө хураасан өвс дууссан. Хаваржаандаа очих гэхээр 40-50 см хунгаршсан цасан бүрхүүлтэй, очих боломжгүй байна. Орон нутгийн малчдадаа аймаг, орон нутгаас анхаарал хандуулаарай. Хямдралтай,  хөнгөлөлттэй үнэтэй өвс, тэжээлээр малчдаа хангах зохицуулалт хэрэгтэй гэв.

Мөн "Цалинтай ээж" хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Таван толгойн 1072 хувьцааны ноогдол ашгаас цагаан сарын өмнө өгөх үү, үнийн нэмэгдлээс шалтгаалж тэтгэвэр “тэтгэвэр” биш болж байна. Нэгжийн хуулиар Багийн ИНХ-ын орон тоог хассан, үүнийг эргэж хараасай.

Шинэ сэргэлтийн бодлогыг нутагшуулах, Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэх үеэр эдгэхгүй, төрөлхийн өвчтэй хүмүүсийн  группийг хугацаагүй сунгуулж өгөхөд анхаарч өгнө үү. Одоо байгаа хуулиар аймагт 4 удаа очиж хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаагаа сунгуулдаг. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд хурлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох бүртээ нэмэгдэл авдаг. Анагаах ухаан эмчилж чадахгүй байгаа өвчтөнүүдийг жилдээ 4 удаа хянуулж, хэлэлцдэг байх шаардлагагүй. Нөгөөтээгүүр төсвөө хэмнэнэ гэв.

Уулзалтын төгсгөлд Өмнөдэлгэр сум шинэ Эрүүл мэндийн төвтэй болсонтой холбогдуулан 120 сая төгрөгийн үнэ бүхий Эхо /Хэт авиан шинжилгээний/ аппаратыг гардуулан өглөө.

Тус суманд 2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 суудалтай сургуулийн барилга, хуучин сургуулийн барилгын их засвар, цэвэр усны шугам сүлжээ, Улаанбаатар-Чингис чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км авто зам, Эрүүл мэндийн төвийн барилга, шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох зэрэг 2020-2022 онд эхэлсэн 23,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт өрнөж байна.

Өмнөдэлгэр сумын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд дээр дурдсан авто замаас бусад төсөл, арга хэмжээ энэ ондоо багтан ашиглалтад орно. Харин Өмнөдэлгэр сум хүртэлх авто зам ирэх 2024 онд ашиглалтад орох гэрээтэй ажиллаж байна.