Монгол Катарын хооронд шууд нислэгтэй болно
2023.02.14

Монгол Катарын хооронд шууд нислэгтэй болно

Катар улс иргэний агаарын тээврийн хөгжлөөрөө бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн.

Катар Эйрвэйз компани дэлхийн шилдэг авиакомпаниар сүүлийн 7 жил шалгарсан, Катарын нисэх буудлаас өдөрт 1200 олон улсын нислэг хийгддэг гэдгээс тус улсын агаарын тээврийн хөгжил ямар түвшинд хүрсэн нь харагдана.

Манай улсын тухайд агаарын ачаа тээврийг хөгжүүлэх, Персийн булангийн улс орнуудад мах экспортлох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа.

Тэгвэл энэ хүрээнд хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
“МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдоод байгаа юм.

Ойрын үед Агаарын харилцааны хэлэлцээрийг эцэслэн байгуулж хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.