Эмийн чанар болон үнэтэй холбоотой зохицуулалтыг хийх шаардлагатай байна
Засгийн газрын 2021 оны шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа.
Хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй энэ газар байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэх гэж буй ч өөрийн гэсэн байргүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лаборатори тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг тулгамдсан олон асуудал байгааг нэн даруй шийдвэрлэх шаардлага байгаа юм.
Эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Үүний тулд хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Одоо байгаа нь эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд байр, тоног төхөөрөмж, урвалж, стандарт бодис, хүний нөөцийн хувьд дутагдалтай. Тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах урьдчилсан тооцоо гаргасан байна. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж байна.
Лаборатори олон улсын жишигт нийцэж байж эмийн чанарын хяналтыг шаардлагатай түвшинд хийх боломжтой болох тул энэ асуудалд онцгой анхаарна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Хуулийн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгаж буй бөгөөд миний хувьд малын эмийн тухай хууль, хүний эмийн тухай хууль тусдаа байх ёстой гэж үздэг. Түүнээс гадна эм, тарианы зохицуулалттай холбоотой асуудалд төр оролцох ёстой, өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой байх ёстой гэдэг утгаар зарим зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Иргэд эмийн үнэтэй холбоотой асуудал их ярьдаг. Оны өмнө тойргийн сумдаараа явахад өргөн хэрэглээний барааны үнэ, эмийн үнийн өсөлтийг зохицуулах боломж байна уу гэдэг асуултыг олон хүн тавьсан. Тиймээс ҮСХ-ноос үнийн өсөлтийн судалгаа авч үзэхэд нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувиар, зарим төрлийн эм тухайлбал, хүүхдийн дархлааны виферон лааны үнэ бүр хэд дахин өссөн байсан. Зах зээлийн үед төрөөс эмийн үнийг хатуу зохицуулах боломжгүй ч бид ямар нэг алхам хийх ёстой юм.
Мөн эм, тарианы улсын нөөцтэй байхыг хуульчлах шаардлага байна. Манай улсын импортын эмийн хангамжийг хувийн хэвшил гүйцэтггэдэг учраас улсын нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй ч гамшиг ослын үед гэхчилэн шаардлагатай тохиолдолд хэрэглэдэг эм, тарианы улсын аюулгүйн нөөц гэж байх ёстой гэж үзэж байгаа тул энэ төрлийн зохицуулалтыг ч хуульчлах шаардлага байгаа юм. Энэ мэтчилэн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтыг бүрэн утгаар нь хийдэг байхад шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn