Хорт хавдрыг ялсан эрэлхэг бяцхан баатрууд
Өнөөдөр хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Манай улсад 2017 оноос хойш тэмдэглэж энэ өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг хавдар судлалын тасагт зохион байгуулсан “Эрэлхэг баатрууд” өдөрлөгт оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрэлхэг баатрууд” арга хэмжээнд хорт хавдраа ялан дийлсэн бяцхан баатрууд, тэдний ар гэрийнхэн оролцож, хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэв. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, олон салбарын хамтарсан цогц тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд 2018 онд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас эхлүүлсэн нь 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилготой. Монгол Улс энэхүү санаачилгад 2021 оноос нэгдсэн.
Манайд жилдээ хүүхдийн хорт хавдрын 100-120 тохиолдол шинээр оношлогдож байна. Дэлхийн улс орнуудад хүүхдийн 6 төрлийн хорт хавдар зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй байна.Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний нэг чухал хэсэг нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, хүртээмжийг сайжруулах явдал бөгөөд манай улсын хувьд энэ нь тулгамдсан асуудлуудын нэг юм. Яг үүнтэй холбоотой нэгэн сайхан мэдээг дуулгая. ДЭМБ, ДЭМБ-ын Хүүхдийн хавдрын асуудлаарх Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүдийн Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийн платформ”-д Монгол Улс шалгарсан тухай мэдээллийг ДЭМБ-аас энэ сарын 9-нд өгсөн. Энэхүү платформд хамрагдсанаар хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмүүдийг ДЭМБ, Сэйнт Жүүд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран нэгдсэн худалдан авалт хийж, сонгогдсон улсуудад чанартай эмээр үнэ төлбөргүй хангах бөгөөд химийн эмийн аюулгүй байдал, эмийн хангамжийн мэдээллийн тогтолцоо сайжирч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээний чанарт ахиц гарна.