Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг хөгжүүлэхэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах хэрэгтэй
2023.02.17

Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг хөгжүүлэхэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах хэрэгтэй

Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой зургаан сум нэгдсэн эмнэлэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эдгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбарын шинэчлэл орон нутагт хэрхэн хүрч буй болон хөдөөгийн хүн амд эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцсан юм. Сумын нэгдсэн эмнэлгийн хувьд анхан шат болон нэгдсэн эмнэлгийн аль ч шатлалд хамаардаггүйгээс зарим нэг үйл ажиллагаанаас орхигддог тухай тэд ярьж байсан. Хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдээс Хархорин, Замын-Үүд Эрүүл мэндийг дэмжих төвтэй болсон нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахад ихээхэн чухал байгааг ярьж бусад газарт ч энэ төвийг байгуулахад анхаарч өгөөч гэж байв.

Сумын нэгдсэн эмнэлгүүд тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэхэд оношлогооны болон хагалгааны дуран, бактериологийн лаборатори, компьютерт томографын аппараттай болох зэрэг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгаагаа хэлж эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шим чамлахааргүй ч улам боловсронгуй болгож, зарим нэг тохируулгыг хийх хэрэгтэйг эмч нарын хэлж ярьж байгаа баталж байв.

Хамгийн наад зах нь сумын нэгдсэн эмнэлэг улсын төрөлжсөн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй нэг шатлалд оруулсан нь гарааны тэгш бус нөхцөлд санхүүжихэд хүргэж байгаа бөгөөд эмнэлгийн зарим нэг тусламжийг гэрээлээгүй, чадамжгүй, хүний нөөцгүй гэх шалтгаанаар санхүүжилт нь хасагддаг ч яаралтай тулгамдсан үед гэмтлийн болон тархины мэс заслуудыг орон нутагт хийж байна хэмээн ярьсан.

Түүнээс гадна нэгдсэн эмнэлгийн статустай учир барилга байгууламж, обьект ихтэй нь тогтмол зардалд шууд нөлөөлж, санхүүжилтийн 30 хүртэл хувийг ус, халаалт, тогтмол зардалд зарцуулж, ажилчдынхаа цалинг нэмэх боломж бүрдэхгүй байна гэж буйг ч анхаарах л ёстой юм. Мөн нэгдсэн эмнэлэгтэй сумдад багийн эмч нартай холбоотой гардаг асуудлуудыг авч үзэх, парк шинэчлэл хийх, боломжит тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, хүний нөөцийг зохистой бодлого явуулах зэргээр боломжтой бүхий л хэлбэрээр дэмжиж байж төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний давхардлыг арилгахад нөлөө үзүүлэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn