Ж.Сүхбаатар: Түгжрэлийг шийдэх шидэт ганц том арга, нэг том ажил, арга хэмжээ гэж байхгүй
2023.03.06

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг шийдэх шидэт ганц том арга, нэг том ажил, арга хэмжээ гэж байхгүй

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Түгжрэлийг шийдэх шидэт ганц том арга, нэг том ажил, арга хэмжээ гэж байхгүй гэдгийг онцлоод дараах арга замыг хэлж байна.

Түгжрэл бууруулах бодлогыг Төлөвлөлт-инженерчлэл; Соёл гэгээрэл; Хяналт-албадлага гэсэн гурван арга замыг хослуулан хэрэгжүүлдэг нь олон улсад тогтсон аргачлал. Хотыг тэнцвэртэй хөгжүүлэх хүрээнд хийх цогц ажлууд шаардана, бас тодорхой хугацаа орно. Хэдий бидэнд төрийн өнөөгийн гүйцэтгэлийн чадамж сул байгаа нь зохицуулалтууд хийхэд хүндрэл бэрхшээл үүсгэж байгаа ч бид бага ч гэсэн урагшилж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн ойрын хэдэн сар түгжрэл бууруулах бодлогын ажлуудад төвлөрч ажиллана.

  • Хот төлөвлөлт- Улаанбаатар хот хөгжлийн төлөвлөгөөгөө хуульчлах. Энэ ажил ид явж байгаа. Төвлөрөл сааруулах бодлогын зарим арга хэмжээнүүдийг ЗГ улсын төсөвт эхнээс нь суулгаад төрийн байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар өгөөд явж байна.
  • Нийтийн тээврээ сайжруулан хөгжүүлэх- Нийтийн тээврийн салбар уналтад орж, амаргүй хэцүү асуудлууд хуримтлагдсан ужигарсан байгаа ч бид энэ онд шийдэхээр эрчимтэй ажлууд эхлүүлсэн, хийгдэж байна.
  • Зам, зорчилт хөдөлгөөний дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл, хяналт-зохицуулалтын чиглэлээр ЗГ, хотын удирдлага, манай Үндэсний хороо олон талт ажлууд хийж байна. Хөдөлгөөн зохион байгуулалтын хүрээнд Зайсанд хийгдсэн шиг арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэйгээр бусад чиглэлд хийхээр судалж тооцож байна.
  • “Шинэ тойрог зам” хурдны замын төслийг эхлүүлж Улаанбаатар хотын замын сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайд онцгой анхаарч байна.
  • Түүнчлэн унадаг дугуй, явган хүний замыг шинээр барих, автомашины зогсоолын менежментийг шинэ түвшинд гаргах чиглэлд бид хүч анхаарлаа тавьж байгаа.
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хандлага, соёлыг дээшлүүлэх талаар ажлууд хийсээр байгаа. Улам нэмнэ. Иргэдийн оролцоо, ухамсар сүүлийн үед сайжирч байна.
  • Түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг иж бүрэн шинэчлэхээр бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Замын хөдөлгөөний танхайрлын эсрэг ажлуудыг идэвхжүүлж байна.
  • LRT, метро зэрэг урт хугацаанд үр дүнгээ өгөх том төслийн ажил асуудлууд хэлэлцэгдэж байна. Дүүжин тээвэр, BRT зэрэг нийтийн тээврийг олон төрөлт болгох ажлууд ойрын үед идэвхжиж үр дүнд хүрнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn