2023.03.07
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ болон Засгийн газрын гишүүний хувиар тойрог харгалзахгүйгээр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж байна.
Энэхүү уулзалтаар цаг үеийн асуудал, Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогыг танилцуулж, санал бодлыг нь сонсох юм.
Тэрээр 5, 6, 19, 23, 27, 39, дугаар хороодын иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэр, шинээр батлуулсан болон өргөн барьсан хуулиуд тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.
Иргэдийн зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжихийн сацуу алдаа дутагдалтай талуудыг ч хэлж байв. Мөн дахин төлөвлөлтийн асуудал, нийтийн тээвэр, автобусны буудлын тоог олшруулах, зарим газарт худаг нэмэх боломж бий эсэх зэрэг аж ахуйн шинж чанартай зүйлүүдийг ч хэллээ. Тиймээс иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхэд анхаарна гэв.
Ташрамд дуулгахад ГССҮТ-ийн уулзвараас Содон хорооллын уулзвар хүртэл 6 эгнээ бүхий 3.4 км автозамын ажлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна..
Түүнчлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ялыг ялгаваргүй ногдуулах, хураагдсан хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх биш нэн шаардлагатай бүтээн байгуулалт, арга хэмжээнд зарцуулах, том төсөл хөтөлбөрүүдийг яаралтай эхлүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг иргэд хөндөж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах түүний уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжлэв. Түүнтэй УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Э.Батшугар, дүүргийн удирдлагын хамт олон 5 хорооны иргэдтэй уулзаж, ярилцлаа.
Иргэд
- Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах
- Дэд бүтцийн хангамжийг сайжруулах замаар орчны бохирдлыг бууруулах
- Ажлын байр нэмэгдүүлэх
- Боловсролын чанарыг сайжруулах шаардлагатайг хэллээ.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгаж, тулгамдаж буй асуудлыг цогц шийдэхээр ажиллаж байна.
Тухайлбал,
- Орон нутгийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах
- Боловсруулах үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулах
- Боомтуудыг чадамжийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх
- Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж, ажлын байр нэмэгдүүлэх
- Төрийн албыг чадавхжуулж, албан хаагчдыг дэмжих зэрэг цогц бодлого хэрэгжүүлнэ.