Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулахад олон талын ач холбогдолтой
2023.03.28

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулахад олон талын ач холбогдолтой

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн (2023.03.28) хуралдаанаараа Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар санаачилж 2022 оны наймдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болохыг онцолж, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх нь хүн амын өсөлт, улс орны ирээдүйн хөгжилд онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тэрбээр, эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцын 11-дүгээр зүйлээр олон улсын өмнө хүлээсэн “эрэгтэй, эмэгтэйчүүдэд ажлын хувьд тэгш хандах, ажлын чанарыг адил үнэлүүлэх, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрхээр хангах тухай” үүргээ манай улс биелүүлэх шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүдэд нийгмийн амьдралын бүх хүрээнд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах, тэгш боломжоор хангагдах боломж бүрдүүлэх зорилтуудыг хангахад энэ хуулийг зорилго чиглэж буй юм гэлээ.Хуулийн ач холбогдлын талаар тэрбээр, хүйсээр ангилсан нэгдсэн мэдээллийн сан бий болж түүнд суурилсан бодлого хөтөлбөр хэрэгжинэ. Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх замаар санхүүгийн хөшүүргүүд зорилтот бүлэгтээ хүрнэ. Олон улсын санхүүгийн төрөлжсөн үйлчилгээнүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдах боломж бүрдэнэ. Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх хөшүүрэг болно гэх мэтчилэн дурдаад, жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хэрэгжиж, ижил төрлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоршоолон хамтарч ажиллах боломжууд нэмэгдэнэ гэсэн юм.

Түүний танилцуулснаар дэлхийн 35 орон “Эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ” гэдгийг тодорхойлсон хуультай байдаг бол манай улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрчээ.Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Бейсэн, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат, Ц.Туваан нар асуулт асуув. Гишүүд, Ковид-19 цар тахлын үед хэрэгжсэн 10 их наяд төгрөгийн болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, түүнчлэн Засгийн газрын бусад төсөл, хөтөлбөрт эмэгтэйчүүд хэрхэн хамрагдаж байгаа, мөн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд Үндсэн хууль болон Жендэрийн тэгш байдлын тухай хуульд заасан хүнийг үл ялгаварлах тухай заалтуудыг зөрчиж байгаа эсэх, нийт эмэгтэйчүүдийн бус зөвхөн аж ахуй эрхэлдэг хэсгийн тухай хууль гаргах нь зохимжтой эсэх, мөн албан бус сектор, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг хэрхэн хамруулах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар асуулт тавьж байлаа.

Мөн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог, банкнаас зээл авахад шаардагддаг барьцаа хөрөнгийн дутагдалтай байдлыг шийдвэрлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх зээлийн хөтөлбөрүүдэд хамрагдах эмэгтэйчүүдийн квотыг зааж өгөх, дагалдан гарах хуулиудыг бүрэн гүйцэд, иж бүрнээр боловсруулах зэрэг асуудлуудаар саналаа хэлж, хуульд заасан давуу байдал, дэмжлэгт хамрагдах зорилгоор бүх компаниуд маань эмэгтэй захиралтай болох зохиомол нөхцөл үүсэхээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.

Хуулийн төсөлд, зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчийг илүү дэмжих, тэдэнд давуу тал олгох асуудал огт байхгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл гишүүдийн асуултанд хариулахдаа онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын эвлэлдэн нэгдсэн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг хангах зорилготойг дахин дурдаад, Азийн хөгжлийн банкны судалгаагаар, улс орон эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлснээр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 16.1 хувиар нэмэгдсэн гэсэн үр дүн гарч буйг жишээлэв. Мөн тэрбээр, хуулийн хамрах хүрээг бизнес эрхлэлт гэх хэмжээгээр хязгаарлахгүй бөгөөд хуулийн үйлчлэлд бүх эмэгтэйчүүд хамрагдана гэсэн юм.

Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөрт 2019 онд нийт хамрагдагсадын 234 буюу 52 хувь, 2020 онд 107 буюу 43 хувь, 2022 онд 74 буюу 47 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй захиралтай аж ахуй эрхлэгчид байсныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулсан юм. Тэрбээр, томоохон аж ахуйн нэгжүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоо бага байдаг бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд, эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүд байна. Зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтээс дүгнээд үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчид харьцангуй хариуцлагатай, зээлээ зориулалтын дагуу зарцуулж, үйл ажиллагаа явуулахдаа ч илүү үр ашигтай ажилладаг нь харагддаг. Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн 30 хувь нь эмэгтэй, 70 хувь нь эрэгтэй зээлдэгчдэд хамаарч байна гэсэн юм.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2022 онд Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 21.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг 11.8 мянган иргэнд олгосны 55 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар танилцуулав. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайлсан хөтөлбөрийг 2021-2022 онд хэрэгжүүлж байгааг тэрбээр дурдаад, үүнд нийт 3482 эмэгтэй хамрагдаад байна гэв. Дэлхийн банкны эх үүсвэртэй арилжааны банкаар дамжуулж 4.4-8.8 хувийн хүүтэй олгох зээлийн хөтөлбөрт 1439 иргэн хамрагдсаны 52.2 хувь нь бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд байжээ.

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмнө тулгамдаж байгаа жендэрийн асуудлыг тэгш хангахын тулд тодорхой урамшууллын буюу хөшүүргийн дэмжлэг хэрэглэж болох хуулийн зохицуулалт байдаг бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахыг хориглох тухай заалттай зөрчилдөхгүй. Энэ эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа жишээ бол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан квот юм гэсэн тайлбарыг гишүүдийн асуултад өгөв. Мөн Ажлын хэсгийн гишүүн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми компани, нөхөрлөл, хоршоо зэрэг аж ахуйн бүхий л хэлбэрээр үйл ажиллагааг эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг аж ахуй эрхлэгч эмэгтэй гэж хуулийн төсөлд тодорхойлсныг танилцуулаад, эмэгтэйчүүд, тэр дундаа малчин эмэгтэйчүүд хамтарч нэгдэн, хоршоо, нөхөрлөл байгуулаад энэхүү хуульд заасан давуу нөхцөл, дэмжлэг, бололцоог хүртэх боломжтой гэсэн юм.