2023.05.01

СХД-ийн “ХурДан” цэгийн нээлтэд ИЦББХ-ны дарга Э.Батшугар оролцлоо

Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад байгуулж, операторын горимоор үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг шинээр байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг “22-ын товчоо”-ны авто худалдааны цогцолборт нээсэн /2023-04-27/ бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцлоо.

Тэрээр “Төрийн үйлчилгээг хотын төвлөрөл, түгжрэлийн эсрэг нийслэлийн захын байршлуудад хүргэх нь чухал. Тиймээс “ХурДан” цэгийг зөвхөн хотын төвд бус нийслэлийн алслагдсан хороодод хүртээмжтэйгээр байгуулах бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээнэ. Олон улсын худалдаа, логистикийн төв буюу бидний нэрлэж заншсанаар “22-ын товчоо”-ны авто худалдааны төвд төрийн үйлчилгээний энэхүү цэгийг нээснээр тус газарт үйлчилгээ эрхэлдэг 1800 иргэн болон хотын баруун бүсийн оршин суугчид “Драгон” төв, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн байр эсвэл хотын төв рүү зорьж цаг хугацаа алдах шаардлагагүй боллоо ” гэж нээлтийн үеэр онцлов.

Иргэд өнөөдрийн байдлаар “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой. Энэ ондоо багтаан 55 байгууллагын 790 орчим үйлчилгээ болгож нэмэгдүүлэх аж. “ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод:

  • · Төв шуудан дахь “ХурДан” цэг
  • · Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төвийн 3 давхарт
  • · Улаанбаатар их дэлгүүр B1 давхарт
  • · Нисэхийн тойрог “Хан плаза” төв 2 давхарт
  • · ХУД, 120 мянгат “Монголын цахилгаан холбоо” ХК-ны байранд
  • · Төрийн ордны баруун хойно “Монгол шуудан” 46-р салбарт
  • · “Да хүрээ” авто худалдааны төвд
  • · Баянзүрх дүүргийн “Жанжин” клубт
  • · Улиастайн нэгдсэн захд
  • · СХД, 22-ын товчооны авто худалдааны төвд
  • · Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуульд

гэх мэт 18 байршилд, мөн Солонгос, Австри, Энэтхэг улсад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд ирэх сард зэрэг нээх юм.