2023.06.09

Д.Батлут: Дотоодын зэс утасны хэрэгцээг хангах тал дээр юу хийх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын талаар Монгол Улсын Еренхий сайдад хандаж тавьсан асуулга"-ын хариуг сонслоо. 

Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцэж байгаа дээр хэд хэдэн асуудлыг тодруулъя. “Эрдэнэт” үйлдвэрийн үүсмэл ордыг ашиглаж байгаа дөрвөн ААН байна. Нэг компани нь олон нийтийн оролцоотой буюу 24000 мянган хувьцаа эзэмшигчтэй. Бусад нь ганц нэг хувьцаа эзэмшигч, оролцогчтой компани байгаа. Цаашдаа овоолгыг хэрхэн ашиглах юм бэ?

Ганц нэг компанид өгөөд байх юм уу? Илүү технологийн шийдэл рүү явсан үр өгөөжтэй, эцсийн бодит бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийг бий болгосон хэлбэрээр ажиллах юм уу? Үүн дээр Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? Ашигт малтмалын тухай хуульд энэ төрлийн чиглэлд өөрчлөлт хийх шаардлагатай гэж хардаг.

“Эрдэнэт” компани зэс гаргаж аваад, 57 нэр төрлийн зэс утас үйлдвэрлэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд яриад байдаг. Бодитойгоор дэмжих ямар бодлого барих юм бэ? Жишээлбэл бид татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж болно. Цаашдаа ямар зүйл хийхээр зорьж байгаа юм. Импортоор орж ирж байгаа утаснуудыг орлох бүтээгдэхүүнээ Эрдэнэтэд үйлдвэрлээд байна шүү дээ.

Импортоор орж ирж байгаа утаснуудын татварыг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэж байгаа утсаа зах зээлдээ Монголдоо өргөн хэмжээнд хэрэглэх, дотоодын хэрэгцээгээ хангах боломжийг хангах тал дээр Уул уурхайн яам, Засгийн газар ямар бодлого барьж байгаа юм бэ?

Эрдэнэтэд цагаан тоосны асуудал тулгамдаж байна. Олон жил яригдаж байгаа. Сүүлийн үед нэлээн асуудлууд болж үүссэн. Ард иргэд нэлээн бухимдалтай байгаа. Салхитай үед асар ихээр дэгдэж буй. Энэ нь байгаль орчныг доройтуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Цагаан тоосыг дарах бүрэн боломж бий юу? Ямар технологийн шийдлээр уг асуудалд ажиллаж байна вэ? Ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулах юм. иргэдийн нийгмийн амьдрал, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх тал дээр хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.