СХД-ийн 42-р хорооны 80 гаруй хувь нь хашаандаа ногоон байгууламжтай болжээ
2023.09.09

СХД-ийн 42-р хорооны 80 гаруй хувь нь хашаандаа ногоон байгууламжтай болжээ

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхээ Нийслэл, дүүргийн тэргүүний өрх И.Батмөнх, Н.Энхтайван гуайнхаар зочилж, ахмадуудтайгаа нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тухайн хоёр өрх маань дүүргийн 42-р хороонд олон жил амьдарч байгаа бөгөөд өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлэн, хот суурингийн хүн амыг бүх төрлийн шинэ ургацын ногоогоор тогтмол хангадаг үлгэр жишээ тэргүүний өрхүүд юм.

И.Батмөнх гуайнх хашаандаа улиас хайлаас , шар хуас, нарс тарьж ургуулж, мөн чацаргана, үхрийн нүд , бөөрөлзгөнө , монос , хөх далай хальс , тоор, алимын мод зэрэг жимсний мод тарьж жимсээр нь варень хийж даршилж хэрэглэдэг байна. Түүнчлэн улиас, шар хуас, хайлаасны үрсэлгээ суулгац хийн өөрийн гудамжиндаа улиас мод тарьж ургуулдаг хөдөлмөрч гэр бүлийн нэг.

Жил бүрийн намар 42-р хорооны удирдлагууд иргэдийгээ туршлага судлуулж тэргүүний айл, өрхүүдээр тойрон аялал хийдэг. Ингэснээр айл өрхүүд хашаандаа ногоон байгууламжтай болж, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар 42-р хорооны 80 гаруй хувь нь хашаандаа ногоон байгууламжтай болсон байна.

Гэр хороололд тохь тухтай амьдрах нь олонх иргэдийн мөрөөдөл байдаг. Харин айл, өрхүүд өөрсдөө хашаандаа тохижилт хийснээр ямар сайхан амьдарч болохыг харуулж буй нэгээхэн гэр бүлийн төлөөллүүд юм.