2023.10.06

Ц.Мөнхцэцэг: Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах чиглэлээр тусгай журам бий юу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Хүүхэд, гэр бүл төрийн хамгаалалтад байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд хамгаалагдаж чадахгүй амь насаа алдаж, гэмтэж бэртэж байгаа тохиолдол маш их гарч, монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Иймд Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад холбогдох хуульд зохицуулалт хийж, чангатгах цаг нь болсон. Миний хувьд Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд хүүхэд алга болсон тохиолдолд олон улсад ямар нарийн хууль тогтоомж байдаг талаар судалж, ажиллаж байна. Хүүхэд алга болох нь цаг минут бүрээр хүүхдийн амь нас хэмжигдэж байдаг, ноцтой асуудал.Улс орнууд тусгайлсан хуультай байна. Тухайлбал Солонгос улсад сураггүй алга болсон хүүхдийг хамгаалах хууль гэж байна. Энэ хуулиар хүүхдийг эрэн сурвалжлах, эхний 24-48 цагт мэдээллийг хэрхэн дамжуулах болон бусад зүйлийг нарийн зохицуулсан байна.

Гэтэл манай улсад ийм нарийн зохицуулалт алга. Манай улсад 1990 оноос хойш хүүхэд алга болох асуудал гарсаар байгаа. Арван мянга гаруй хүүхдүүдийг олж гэр бүлд нь хүлээлгэж өгсөн байна. Гэтэл 14 хүүхэд огт сураггүй алга болжээ. Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах чиглэлээр тусгай журам бий юу. Эсвэл гэмт хэргийн ерөнхий зарчмаараа явж байна уу. Байхгүй бол Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулъя. ХЭҮК-аастодруулъя. Тайланд энэ талаар зөвлөмж гарч, холбогдох газар хүргүүлдэг. Хүүхдийн эрхтэй холбоотой ямар зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төрийн ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ.

Түүний асуултад албаны хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn